Уяачид өнгөрсөн амралтын өдрөөр төв талбайд морьтойгоо жагсаж хаврын морин уралдааныг буцаан сэргээхийг шаардсан. Энэ үеэрээ морин уралдааныг хорих нь монгол өв соёлыг алдагдуулж байна гэсэн агуулгыг илэрхийлэв.
Тэгвэл уяачдын жагсаалыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ. Тэрээр хүний эрхийн хуульчаар ажиллаж байхдаа унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан юм.

Х.Баасанжаргал гишүүн “Уяачид улс төрд ямар их нөлөө үзүүлдэг болохыг бид харлаа. Морин спортын уламжлалыг эвдэх гэсэн, өв соёлоо устгах гэсэн үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлж байх шиг байна. Хаврын морин уралдаан уламжлалтай ямар ч хамаагүй болохыг шүүх, архивын баримтаар тогтоосон.

2004 оноос хойш хаврын уралдааныг зохион байгуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, 15 жилийн түүхтэй уралдааныг өв соёлтой андуурах хэрэггүй. Үүнд улстөрчид буруутай, тэдний том лоббиноос эхэлсэн гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 15 жилийн өмнөөс Засгийн газрын шийдвэрээр уг хаврын уралдааныг зохион байгуулдаг болж, уяачдад цол олгож эхэлсэн байна. 2019 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч тухайн үед Ерөнхий сайд байхдаа есдүгээр сарын 01-ээс тавдугаар сарын 01 хүртэл ямар нэг морин уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх тогтоол гаргаж байжээ. Хаврын уралдааныг хориглосон хоёр удаагийн шүүхийн шийдвэртэй байтал орон нутагт хууль зөрчиж уралдаан зохион байгуулж ирсэн нь дахиад л улстөрчидтэй холбоотой.

2024 оны зургадугаар сард сонгууль болсон. Сонгуулийн бэлтгэл ажлаар орон нутагт ажиллахад уяачид гэх мөнгөтэй хэсэг бүлэг нөхөд "Та нар сонгуульд ялъя гэж бодож байвал хаврын морин уралдааныг зохион байгуул, залуусын саналыг авъя гэж бодож байгаа бол Засгийн газрын тогтоолоо сэргээ" гэдэг юм билээ. Мөн өнгөрсөн сар шинийн баярын үеэр Ерөнхий сайд уяачидтай нэвтрүүлэгт оролцоход энэ саналаа хэлж байсан. Эндээс улс төрд уяачид яаж нөлөөлж байгааг харж болно.

Уяачид олон бий. Гэхдээ цөөн хэдэн мөнгөтэй, сүлжээтэй хүмүүсийн л хийдэг ажил. Энэ асуудалд цэг тавих цаг болсон. Хаврын морин уралдааныг хориглосон шийдвэр гаргаж шүүх, Засгийн газар цэг тавьчихаад байхад эргэн сэргээх гэсэн хэсэг хүмүүсийн ажиллагаа гэж харж байна. Уяачдын хурал төрийн ордонд болж, түүнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж маш их оролцоотой байгаа нь харагдсан. Улстөрчид өөрсдөө орон нутаг дахь сүлжээгээ бий болгох чиглэлээр уяачдад  найдлага төрүүлж дэмжиж байна гэж харж байгаа.

Хавар насанд хүрэгчид богино зайн уралдаанаар энэ асуудлыг шийдэж болно. Малчид өөрсдөө морио унаад малдаа явахаа больсон. Яагаад дандаа мотоциклоор малаа хариулаад байна вэ. Морин соёлтой холбоотой өв уламжлалаа насанд хүрэгчид өөрсдөө дэлгэрүүлэхгүй байж бага насны хүүхдээр хавар цагт морин уралдаан зохион байгуулах гээд байна вэ. Хаврын уралдаан ганц нэг өдрийн асуудал биш. Олон өдрийн сунгаа, бэлтгэл ажил өрнөдөг. Үүнийг дагаад хүүхэд хичээл сургууль завсардаж, олон эрсдэл дунд амьдарч байна” гэлээ.