Улаан загалмайн нийгэмлэгийн таних тэмдэг буюу цагаан дэвсгэр дээр улаан нэмэх тэмдгийг мэдэхгүй хүн үгүй. Эл таних тэмдгийг ихэнхдээ эм, эмнэлгийн байгууллагууд өөрсдийгөө таниулах зорилгоор ашиглах, ойлгох нь түгээмэл. Гэвч сүүлийн үед “Улаан загалмай” хүмүүнлэгийн тэмдгийг эрүүл мэндийн салбарт ч тэр, цахим тоглоом, зарим нэг баяртай хамааруулан хяналтгүй ашиглах нь элбэг болов. Ийн дэлхий нийтээр хэрэглэдэг хүмүүнлэгийн таних тэмдгийг дур зоргоороо, хяналтгүй ашиглахад ямар хууль журам, хариуцлага, зохицуулалт байдаг нь тодорхой бус. Олон нийт ч тэр бүр мэддэггүй. Харин энэ талаар ярихын тулд эхлээд Улаан загалмайн нийгэмлэгийн түүхийг сөхөх учиртай. Улаан загалмайн нийгэмлэгийг 1859 онд Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн Анри Дюнан үүсгэн байгуулсан түүхтэй. Тэрбээр Сольфериногийн тулалдааны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг удирдан зохион байгуулж улмаар 1862 онд “Сольфериногийн дурьдатгал” дурсамжийн ном бичсэн байдаг. Үүнээс ганцхан жилийн дараа 1863 онд шархдагсдад туслах олон улсын хороог байгуулсан нь Улаан загалмай хөдөлгөөний суурь болж, хожим Олон улсын Улаан загалмайн хороо болж өргөжжээ. Улмаар цэргүүдэд зэвсэгт мөргөлдөөний үеэр туслах үүрэгтэй төвийг сахисан нийгэмлэг улс орон бүрт хэрэгтэй гэсэн үзэл санаанаас үүдэж өнөөдөр дэлхийн 192 улсыг эгнээндээ нэгтгэж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Улаан загалмайн нийгэмлэг үүсэн бий болсон байна.  Эдүгээ холбооны эрхэм зорилго бол хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлж, эмзэг байдалд буй  иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэж байна.

                 О.Манлайбаатар: МУЗН-ИЙН ТАНИХ ТЭМДЭГ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙГЭЭР ХАМГААЛАГДСАН

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний дагуу цагаан дэвсгэр дээр дөрвөн тал нь тэнцүү хэмжээтэй дүрсэлсэн улаан загалмай нь хүмүүнлэгийн үйл ажиллагааны таних тэмдэг юм. Тэмдгийг хүмүүнлэгийн үйл ажиллагааны зорилгоор ашиглах бөгөөд ялгах болон хамгаалалтын тэмдгийн журмаар хэрэглэнэ гэж Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд зааж өгчээ. Тэгвэл дээр дурдсанчлан хяналтгүй хэрэглэх хэлбэр Монголд түгээмэл бий. Тухайлбал,  Halloween-ий баярын үеэр сувилагчийн хувцас өмсөхдөө энгэр дээр нь цагаан дээр улаан тэмдгийг ашигладаг. Мөн зарим эмнэлэг, эмийн санг заах, видео тоглоом дээр анхны тусламж болон өөрийгөө эмчлэх агуулгыг харуулахдаа “улаан загалмай” тэмдгийг ашиглах нь бий. Тиймээс бид үүнийг хэрхэн хянадаг, зохицуулдаг талаар МУЗН-ийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан О.Манлайбаатараас тодруулахад “Монгол Улсын нэгдэн орсон Женевийн конвенц буюу олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд МУЗН-ийн таних тэмдгийг зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг болон цэргийн байгууллагууд хамгаалалтын журмаар хэрэглэнэ гэж заасан. Ингэхдээ ямар нэг хүрээ, бичиг үсэггүйгээр зөвхөн цагаан дээр улаанаар тавьж ашиглана. Энэхүү бэлгэ тэмдгийн зөвшөөрөгдсөн хоёр дахь хэрэглээ нь таниулах зорилготой. Өөрөөр хэлбэл, энэхүү тэмдгийг ашиглаж байгаа бол олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар хөдөлгөөний гишүүн гэдгийг илтгэнэ. МУЗН-ийн тэмдэг  харьцангуй жижиг хэлбэртэй, цагаан дээр улаанаар байдаг. Энэ нь олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан.

МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуульд Улаан хавирган сар, Улаан талст, Улаан загалмайн нийгэмлэгийн таних тэмдгийг ашиглах талаар холбогдох төрийн байгууллагатай хамтарч ажиллана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, манай орны нэгдэж орсон хууль тогтоомжийн дагуу зөрчил болж байгаа гэсэн үг. Таны асуусанчлан зөвшөөрөлгүй ашигласан зарим тохиолдолд тухайн байгууллагуудад хүсэлт хүргүүлдэг ч төдийлөн нааштай хариу өгдөггүй. “Улаан загалмай” таних тэмдгийг үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд МУЗН-ийн зөвшөөрлийг авч ашиглана гэж заасан. Харин ашгийн төлөө үйл ажиллагаанд ашиглаж болохгүй. Ашиглахаар бол МУЗН-рүү хүсэлт хүргүүлээд зөвшөөрөл авах ёстой” гэлээ.

Монголд “Улаан загалмай” хүмүүнлэгийн тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглах хориотой ч хариуцлагын хөшүүрэг байхгүй. Манай улсын Эрүүгийн хуульд зааснаар байлдааны талбарт Улаан загалмайн тэмдгийг хууль бусаар ашигласан тохиолдолд 6-12 сарын хорих ял шийтгэнэ гэж заасан. Гэтэл энэ зөрчлийг арилгах нь энх тайван үед биелүүлэх үүрэг төдийгүй тийм ч шаардлага тулгарч байна гэдгийг МУЗН-ийн мэргэжилтэн хэллээ.

Гэтэл Австрали улсад Улаан загалмайн тэмдгийг буруугаар ашигласан бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж 1000 ам.доллараар шийтгэдэг аж.

Биднийг энэхүү сурвалжлагыг бэлтгэх явцад Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббар  Монголд түр ирээд байсантай таарч уулзаж ярилцсан юм.

Марва Шаббар: БЭЛГЭ ТЭМДГИЙГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ БОЛОН ХУВИЙН ЭМИЙН САН, ЭМНЭЛГҮҮД АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ

-“Улаан загалмай” хүмүүнлэгийн тэмдгийг зориулалтын бусаар ашиглах тохиолдол манай улсад түгээмэл байна. Олон улсын эрх зүйгээр хэрхэн зохицуулдаг вэ?

-Улаан загалмай, Улаан хавирган сар, Улаан талст тэмдгүүд нь зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн ажилчдад хамгаалалт олгодог. Мөн тэмдгүүдийг энх тайван цагт Улаан загалмай, Улаан хавирган сар Үндэсний нийгэмлэгүүд өөрсдийгөө таниулах зорилгоор ашиглаж болно. Женевийн конвенцууд болон тэдгээрийн нэмэлт протоколууд нь тэмдгийн хэрэглээг зохицуулдаг. Бэлгэ тэмдгийг зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүс ашиглах бөгөөд хууран мэхлэх зорилгоор ашиглах нь дайны гэмт хэрэг гэж тооцогдоно. Тийм учраас нь зэвсэгт мөргөлдөөний үед хамгаалалтын бэлгэ тэмдгийг хэн ашиглах эрхтэйг ойлгох нь нэн чухал юм. Хуулийн дагуу цэргийн эмнэлгийн үйлчилгээ, зарим хүмүүнлэгийн ажилчид болон Олон улсын Улаан загалмай хороо (ICRC), Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо (IFRC) нь тэмдгийг ашиглах эрхтэй. Харин энх тайван үед Үндэсний нийгэмлэгүүд бэлгэ тэмдгийг таниулах зорилгоор хэрэглэдэг. Хэрэв дайны үед таниулах зорилгоор бэлгэ тэмдгийг ашиглаж байгаа бол хамгаалах зорилгоор ашиглаагүй гэдэг нь маш тодорхой байх ёстой. Энэ нь тухайн бэлгэ тэмдгийн хэмжээ нь харьцангуй жижиг байх ёстой гэсэн үг юм. Ерөнхийдөө лого хэлбэрээр ашиглаж байна гэж ойлгож болно.

-Хэмжээг нарийвчлан заасан гэсэн үг үү. Илэрхийллийн хувьд хэрхэн ойлгох вэ?

-Женевийн Конвенцод бэлгэ тэмдгийг ашиглаж буй тохиолдолд ямар хэмжээ, зорилготой ашиглахыг нарийвчлан заасан байдаг. Мөн бэлгэ тэмдгүүд нь аливаа шашин эсвэл аль нэг соёлыг илэрхийлдэггүй гэж хэлэх нь зүйтэй байх. Гурван бэлгэ тэмдэг маань төвийг сахисан бөгөөд зэвсэгт мөргөлдөөний үед ашиглагдаж буй тохиолдолд хамгаалагдах шаардлагатай. Тийм учраас бэлгэ тэмдгүүдийг аль нэг шашин, соёл, эсвэл улс, оронтой холбох нь зүй бус юм. Бидний санаа зовниж буй асуудал бол энх тайван болон дайны үед бэлгэ тэмдгийг буруугаар ашиглаж буй тохиолдлууд юм.

Заримдаа эмнэлэг, эмийн сангууд өөрсдийгөө эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэж таниулахын тулд улаан загалмай ашиглаж буйг анзаарсан байх. Энэ нь бэлгэ тэмдгийн буруу хэрэглээний тодорхой жишээ юм. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь бэлгэ тэмдгийн буруу хэрэглээг зогсоохыг улс орнуудад үүрэг болгодог. Энэ үүрэг нь тухайн улсаас бэлгэ тэмдгийн хэрэглээг зохицуулж, буруу хэрэглээг шийтгэх тухай хууль тогтоомж батална гэсэн үг юм.

Бэлгэ тэмдгийн асуудлыг Тухайн хууль нь үр дүнтэй хэрэгжихийн тулд хэн ашиглаж болох, ямар төрийн байгууллага бэлгэ тэмдэг ашиглах зөвшөөрөл олгох эрхтэй байх, дайны болон энх тайван үед бэлгэ тэмдгийг буруугаар ашигласан хүмүүст шийтгэл ногдуулах тухай заалтуудтай байх шаардлагатай.

-Улс орнуудын авч буй арга хэмжээ өөр өөр байх. Тухайлбал, Монголын хувьд хууль эрх зүйн орчноо хэрхэн тодорхой болгож өгөх хэрэгтэй вэ?

-Бид улс орнуудад бэлгэ тэмдгийн зохистой хэрэглээг сурталчлах, буруу хэрэглээг зогсоох, зэвсэгт мөргөлдөөний үед хамгаалах бэлгэ тэмдгийн хэрэглээг дэмжиж, хүмүүст хамгаалах, таниулах хэрэглээний ялгааг таниулах үйл ажиллагаандаа Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллахыг зөвлөдөг. Мөн бэлгэ тэмдгийн буруу хэрэглээг зогсоосон амжилттай жишээнүүдээс харахад тухайн улсын парламентаас бэлгэ  тэмдгийн хэрэглээг нарийвчлан зохицуулсан хуулиудыг баталсан байдаг. Ийм хууль тогтоомжид бэлгэ тэмдгийг хууль бусаар ашигласан тохиолдолд шийтгэл ногдуулах болон хувийн эмийн сан, эмнэлгүүд ашиглахыг хориглосон заалтууд байх хэрэгтэй. Энх тайван үед бэлгэ тэмдгийн зөв хэрэглээг хуульчлах нь зэвсэгт мөргөлдөөний үед бэлгэ тэмдгийг давхар хамгаалах сайн үр дагавартай юм. Олон улсын Улаан загалмайн хороо нь улс орнуудад туслалцаа болохын тулд бэлгэ тэмдгийн зохистой хэрэглээг зохицуулах тухай загвар хуулийг бэлтгэсэн. Бидний харж буйгаар бэлгэ тэмдгийн буруу хэрэглээг илрүүлж, шийтгэл ногдуулах эрх бүхий байгууллага байхгүй бол тухайн улсад гарч буй буруу хэрэглээг зогсооход хүндрэлтэй байдаг.

Иймд улс орнууд нь бэлгэ тэмдгийн зохистой хэрэглээг сурталчлахаас гадна буруу ашигласан тохиолдлуудыг олж илрүүлж, тухайн асуудлыг шийдэхдээ Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй.