Энэ жил Зүүн өмнөд Ази, Төв Европын ихэнх хэсэг хур бороо ихтэй, үер усны аюултай байгаа. Баруун Африкийн орнууд ч ялгаагүй сүүлийн хэдэн жил үзэгдээгүй их бороотой байгаа бол Нигери улсад 20 гаруй жил тохиогоогүй үерийн аюул нүүрлээд байна. Зөвхөн Борно мужийн нутагт л гэхэд 37 хүн үерт амиа алдаж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин тус мужийн нийслэл Майдугури хотод байх шоронгийн хана үерийн хүчтэй усанд цохигдон, нурснаас 281 хоригдол оргосон байна. Тэднээс ердөө долоог нь барьсан бол 274 нь сул чөлөөтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулжээ. Өнгөрсөн долоо хоногт мөн үерийн үймээнээр орон нутгийн амьтны хүрээлэнгээс могой, арслан зэрэг зэрлэг амьтад алдагдсан нь олны сэтгэлийг түгшээж байна.
Үерийн аюулаас дайжсан хүмүүс Нигерийн хойд хэсэгт голдуу түр сууц, асар майханд толгой хоргодож байгаа аж. Харин НҮБ-ын мэргэжилтнүүд түр хуаранд булчин задрах тахал мэтийн халдварт өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлжээ.