Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильямын эхнэр Уэльсийн гүнж Кэтрин өнгөрсөн гуравдугаар сард хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа зарласан билээ. Тэрээр хэдхэн тохиолдлыг эс тооцвол өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш олны өмнө гараагүй юм. Кэтрин гүнж нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсон бол төд удалгүй хорт хавдартай тэмцэж байгаагаа дуулгасан. Харин Кенсингтоны ордноос өчигдөр гаргасан видео зурвастаа тэрээр химийн эмчилгээ хийлгэж дууссанаа мэдэгдлээ. Гэхдээ хорт хавдраас бүрэн ангижраагүй, ирэх хэдэн сард ч ердийн эмчилгээгээ үргэлжлүүлэх тул албан ёсны цөөхөн арга хэмжээнд л оролцоно гэжээ.
Нийт гурван минут үргэлжлэх бичлэгтээ Кэтрин гүнж сүүлийн есөн сарын хугацаанд үзэж туулсан бүхэн нь гэр бүлд нь үнэхээр хэцүү бэрх байсан ч амьдралд хандах цоо шинэ хандлагыг нээж өгснийг онцлоод олон түмний урмын үг, халуун сэтгэлд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Гүнжийн хадам аав буюу Их Британийн хаан III Чарльз мөн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа юм.