Америкийн сэтгүүлч Дэйвид Уоллес-Уэллсийн 2019 онд хэвлүүлсэн “Амьдрах аргагүй дэлхий: Дулаарлын дараах амьдрал” номоос “Түймэр” нэртэй хэсгийг хүргэж байна.

Жоан Дидион 1968 онд хэвлэгдсэн “Бетлехемийн зүг сажлахуй” эсээний түүвэртээ багтаасан “Лос-Анжелесийн тэмдэглэл” нийтлэлдээ “Шатаж буй хотын дүр байдал бол Лос-Анжелесийн хамгийн гүнд байх өөрийнх нь үнэн төрх юм” гэж бичсэн байдаг.

Гэвч энэ нь соёлын ойлголтод тэгтэл нөлөөлөөгүй юм. 2017 оны намар дэгдсэн гал түймрийн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдахдаа “санаанд багтамгүй”, “урьд хожид байгаагүй”, “төсөөлөхөд бэрх” гэх зэрэг гайхаж цочирдсон өнгө аяс огт цухалзуулаагүйг онцлох хэрэгтэй. Дидион дээрх нийтлэлийг бичиж байхдаа 1956 онд Малибуд, 1961 онд Бэль-Эйрд, 1964 онд Санта Барбарад, 1965 онд Ваттст болсон түймрийн тухай өгүүлж байв. Тэрбээр уг жагсаалтаа 1989 онд “Түймрийн улирал” нэрээр шинэчлэхдээ 1968, 1970, 1975, 1978, 1979, 1980, 1982 оны түймрүүдийг дурдаад “Лос-Анжелесийн тойрогт ой хээрийн түймрийн бүртгэл хийгдэж эхэлсэн 1919 оноос хойш түймрийн тоо найм дахин нэмэгдсэн” хэмээн онцолсон байлаа.

Дээрх бүх оныг харахад нэг талаар түймрийн дохиолол хангинаж, Калифорнийн иргэд эгээ л хүүхэлдэйн киноны баатрууд шиг үе үе үймж бужигнаж байгаа дүр зураг буух вий. Гэвч түймэр болгон адилгүй. Калифорнийн түүхэн дэх хамгийн их гарз хохирол дагуулсан 20 түймрийн тав нь газар сайгүй 9000 гаруй тусдаа гал асаж, 1.2 сая акр газар сүйдлэн, бараг 5000 гаруй ам км талбайг хөө тортогт дарсан 2017 оны намар тохиожээ.

Мөн оны аравдугаар сард хойд Калифорнид ердөө хоёр өдрийн дотор 172 түймэр дэгдэж, нэгэнд нь өртсөн нас дээр гарсан нэгэн хос орон гэрийг нь түймэр нөмөрч авах үед яаж амь тэмцсэн тухай, арай гэж усан сан руугаа амжиж үсрэн амьтай голтой үлдсэн тухай өөр хоорондоо ихээхэн зөрүүтэй мэдээ сурвалжилга орон нутгийн сонингуудад нийтлэгдэж байлаа. Нэгэн дээр нь тэднийг гэр орноо үнс нурам болохыг нүдээр үзэж, бүтэн зургаан цаг усан сан дотроо тэмцэлдсэний эцэст арай гэж аврагдсан гэх бол нөгөө дээр нь ганц нөхөр нь амь гарсан, 55 настай эхнэр нь нөхрийнхөө гар дээр амьсгал хураасан хэмээн бичжээ. Шил шилээ дарсан тэр олон түймрийн дараа энэ мэт сэтгэл эмзэглүүлэм түүх олон сонсогдсон болохоор ингэж хольж хутгаж будилсныг нь ойлгож болмоор. Ерөөс байгалийн гамшгийн аюул осол саяхныг хүртэл олон талаар төөрч будилмаар байсан билээ. Бүр тэр жилийн есдүгээр сар хүртэл америкчуудын олонх нь энэ бүхэнд огт итгэж чадахгүй байлаа.

Дараа жил нь ахиад л өөр хэлбэрийн гамшиг дэгдсэн. 2018 оны зун түймрийн тоо харьцангуй буурч, 6000 орчим бүртгэгдсэн ч нэг нь л гэхэд хэд хэдэн жижиг түймрээс бүрдсэн, нийтдээ хагас сая акр газрыг галдсан Мендосиногийн түймэр байв. Тэр үеэр Калифорни мужийн 5000 гаруй ам км газар нутаг шатаж, Америкийн тэн хагасыг түймрийн утаагаар бүрхсэн юм. Тус мужаас хойд зүгт, Канадын Бритиш Колумбияд байдал бүр ч дор байв. Тэнд гурван сая орчим акр газар түймэрт өртөж, утаа угаар нь Атлантын далайг гатлан Европт хүртэл дэгдсэн байдаг. Тэгтэл арваннэгдүгээр сард нь 170 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн Вүүлсийн түймэр; 500 гаруй ам км талбайг галдаж, бүхэл бүтэн сууринг залгин, 50 мянган хүнийг дэлбэрсэн машинуудын хажуугаар гутлын улаа цардмал зам дээр хайлуулан байж ухаан жолоогүй зугтахад хүргэсэн Кэмпийн түймэр дэгдэв. Энэ нь Калифорнийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн, хамгийн их гарз хохиролтой түймэр болж, бараг бүтэн зууны өмнө 1933 онд дэгдсэн Гриффит Паркийн түймрийг ардаа орхисон юм.

Энэ бүх түймрийг урьд өмнө нь үзэгдэж харагдаагүй, Калифорнид л лав нүүрлэж байгаагүй гамшиг гэж үзвэл жинхэнээсээ урьд хожид байгаагүй аюулыг юу гэж нэрийдэх вэ? Есдүгээр сарын 11-ний халдлага яг л үүнтэй адил Дэлхийн худалдааны төвийг тойрсон америкчуудын хэдэн арван жилийн уран зөгнөлийн биелэл болсон мэт үйл явдал байсан.

Эдүгээ цагийн уур амьсгалын элдэв зөгнөл ч гэсэн айж түгшсэн олныг бодит байдалд бэлтгэж байгаа хэрэг үү?

Ийм зөгнөлүүд угтаа гурван үе шаттай байжээ. Эхнийх нь байгалийн хүчээс эмээх ердийн айдас буюу яагаад ч дийлдэхээргүй их гал хөс тахал шиг, элсэн шуурга шиг дайран өнгөрөх вий гэх түгшүүр бол удаах нь мөнөөх түймэр салхинд туугдан газар авсаар өрнөдийн ертөнцийг бүхлээр нь нөмөрлөн авч буй төсөөлөл юм. Харин хамгийн аймшигтай нь болох гурав дахь буюу эцсийн шатны зөгнөл нь бид бүгдийн зөвхөн кино дэлгэцээс л хардаг, хүн төрөлхтний цайз хэрэм болсон хот суурингууд дүрэлзэн шатаж, хөл толгой нь олдохгүй үймээн самуун дэгдэж байгаа дүр зураг байж.

Катрина, Сэнди, Харви, Ирма, Майкл зэрэг хар салхины “ачаар” америкчууд үерийн аюулыг ойлгохтойгоо болсон. Гэвч ус бол гай гамшгийн ердөө эхлэл нь. Барууны аль л бэл чинээтэй гэсэн хотууд, тэр дундаа хүрээлэн буй орчны талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон их хотуудын оршин суугчид хүртэл сүүлийн хэдэн арван жилийг хурдны замаараа давхиулж, өргөн гудмаараа уруудаж өгсөн, хэрэгцээт тоо хэмжээнээсээ хэдийнээ давсан бараа бүтээгдэхүүнтэй аварга том их дэлгүүрүүдээрээ сэлгүүцэн, газар сайгүй байх интернэт сүлжээндээ баяссан шиг, эгээ л бид бүгд байгалиас ангид тусдаа аж төрөх арга ухааныг олсон мэт ажиггүй өнгөрүүлжээ. Гэвч бид тийм онцгой хүч чадалтай болох яагаа ч үгүй байна. Майк Дэйвисийн тун ч онож хэлснээр үржил шимгүй элсэн цөлд өндийсөн мөрөөдлийн диваажин болох Лос-Анжелес хэзээний л оршин байх боломжгүй хот байсан. 405 дугаар хурдны замын найман эгнээ тэр чигтээ дүрэлзэн шатаж буй дүр зураг бол үүний нэгэн баталгаа. Цаашид байдал бүр ч дордох нь тодорхой байна. Соёл иргэншил өөр зүгт хандсан гэдэгт, огтоос боломжгүй зүйлийг боломжтой болгоод зогсохгүй тогтвортой, байнгын давтамжид хувиргасан гэдэгт итгэлтэй байсан үе бидэнд бий. Харин уур амьсгалын өөрчлөлтөөс болж бид эсрэг зүгт биш эргээд эх байгаль руугаа, эмх замбараагүйтэл рүү, хүн төрөлхтний огт үзэж туулаагүй цоо шинэ амьдрал руу хөл тавьж байна.  

***

Их хэмжээний түймрийг жирийн нэг үзэгдэл болгоход бидэнд саад болж байгаа хоёр зүйлийг яагаад ч магтан сайшаах аргагүй юм. Эхнийх нь ганц арваны дотор зэрлэг балмад түймрийг Калифорнийн иргэн бүрийн хар дарсан зүүдэнд ором аймшигт явдлаас эгэл жирийн, ердийн нэг хуучин үзэгдэл болгон хувиргасан дэндүү эрс тэс цаг агаар бол удаах нь мөн л түймэртэй холбоотой үүх түүхийн нэгэн бүрдэл хэсэг буюу уур амьсгалын өөрчлөлт улам бүр иргэдийн байр сууц руу ойртож байгаа гэх хөдөлшгүй баримт болно.

Түймрийн аюул одоо бүр онцгой статустай барилга байшин руу хүртэл энэрэлгүй халдах болжээ. 2017 оны Калифорнийн түймрээр мужийн дарсны үйлдвэрлэлийн амин сүнс болсон усан үзмийн тарилангийн талбай, хэдэн саяын үнэтэй амралтын тансаг сууцнууд сүйдэж; Гетти музей, Рүперт Мёрдокийн Бель-Эйр дэх эдлэн газар галд авалцахаа дөхсөн. Энэ хоёроос илүү Америкийн хөрөнгө мөнгөний эзэнт гүрнийг бэлгэдэх газар бараг үгүй биз. Хажууханд нь байх Диснейлэндийн наран ээсэн, гял цал ертөнц хүртэл хорвоогийн төгсгөлийг санагдуулам улааран улбартсан тэнгэр дор эгээтэй л хэзээ мөдгүй дүрэлзэн шатах гэж байгаа мэт харагдаж байлаа. Харин баруун эргийн баячуул чөлөөт цагаа гольфийн талбайд өнгөрүүлсэн хэвээрээ, улалзах галын наахна гольфийн цохиураа далайлган байгаагаар авахуулсан гэрэл зургууд нь улс орны баян, ядуугийн ялгааг улам бүр тодотгосоор байв. Дараа жил нь америкчууд Кардашиануудын сонин хачныг Instagram хуудаснаас нь уншиж байхдаа тэдний цалин хөлсийг нь төлсөн гэх сайн дурын гал сөнөөгчдийн тухай, мужийн бусад хэсэгт хоригдлуудыг түймэр унтраахад дайчилж, заримыг нь өдөрт ганц ам.доллароор цалинжуулж байсан тухай олж мэдсэн билээ.

АНУ газарзүйн санаандгүй тохиолдлоор, басхүү эд баялгийн хүчээрээ хөгжил буурай бүс нутгуудыг хэдийнээ нэрвэж эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг саяхныг хүртэл харьцангуй бага мэдэрч байлаа. Гэтэл одоо дэлхийн дулаарал хамгийн баян чинээлэг америкчуудад хүртэл нөлөөлж эхэлсэн нь бусдын уналтад бах тав нь ханадаг либерал үзэлтнүүдэд дорд муухай хандлагаа илчлэх завшаан болоод зогсохгүй уур амьсгалын өөрчлөлт хэнийг ч ялгаж салгалгүй бүгдийг өршөөлгүйгээр хаман авахын нэгэн дохио болж байна. Иймээс ч нэг л мэдэхэд айсуй бүхнийг сөрж зогсоход улам хэцүү бэрх болсон байх вий.

Харин чухам юу айсуй вэ гэж үү? Их гал, бүр ч өргөн уудам газрыг бүрхэх аюулт түймэр айсуй.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд АНУ-ын баруун мужуудад түймрийн улирлын үргэлжлэх хугацаа 2.5 сараар нэмэгдсэн агаад давтамж нь улам бүр ойртож, бүртгэгдээд байгаа хамгийн их газар нутаг хамарсан түймрүүдийн ес нь 2000 оноос хойш тохиосон байна.

Харин дэлхийн хэмжээнд түймрийн улирал 1979 оноос хойш бараг 20 хувиар уртсаж, зөвхөн Америкт дэгддэг түймрүүд гэхэд 1970-аад оны үетэй харьцуулахад хоёр дахин их бүс нутгийг сүйтгэх болжээ. 2050 он гэхэд түймрээс үүдэх хохирлын хэмжээ одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, АНУ-ын зарим нутагт бүр тав дахин их газар нутаг түймэрт сүйднэ гэсэн тооцоо бий бол дэлхийн дундаж температур нэг градусаар өсөх тоолонд түймэрт өртөх газрын хэмжээ бүр дөрвөнтөө тэлнэ гэсэн өөр нэг судалгаа ч байна. Тэгэхээр гурван градусын дулааралд, өөрөөр бол энэ зууны эцэс гэхэд дэлхий нийтийн барьж торгооно хэмээн найдаж байгаа дулааны хамгийн бага өсөлтөд хүртэл АНУ-ын нутаг дэвсгэр одоогийнхоосоо 16 дахин их түймэрт өртөж, жил бүр дунджаар 10 сая акр газраа галд өргөнө гэсэн үг юм. Харин дөрвөн градусын дулааралд түймрийн улирал дөрөв дахин их гамшиг тарихаар байна. Калифорнийн гал түймэртэй тэмцэх нэгэн хэлтсийн ахмадын 2017 онд хэлснээр тэр цагт “улирал” гэдэг үг ч утгаа алдах бөгөөд түймрийн улирал гэх ойлголт үгүй болж, түймэр бүтэн жилжингээ ч дүрэлзэж мэдэх нөхцөл байдал удахгүй үүсэх юм. Өөрөөр бол бүгдийг эзлэн эрхшээх Түймрийн эрин үе айсуй.

Гэвч түймрийн аюул зөвхөн Америкийн үзэгдэл биш ээ. Гал түймэр аажим аажмаар бүх дэлхийн тахал болж байна. Цас мөсөнд хучигдсан Гринландад 2017 онд дэгдсэн түймэр 2014 оны түймрээс 10 дахин том нутаг дэвсгэрийг сүйтгэсэн бол 2018 онд Шведэд туйлын бүслүүрт багтдаг их ой хөвч бараг анх удаа удаан хугацаагаар дүрэлзэн шатжээ. Тоотой хэдхэн хүн суудаг болохоор алс умардад ой хээрийн түймэр дэгдэх нь бараг гэм хоргүй мэт санагдаж мэдэх ч өндөрлөг бүсэд түймэр тун хурдан газар авдагийг мартаж болохгүй. Тиймээс ч иймэрхүү үзэгдэл уур амьсгал судлаачдын анхаарлыг татдаг юм. Их ой хөвчийн хөө тортог, үнс нурам мөсөн бүрхүүлийг хар, саарлаар будан нарны илчийг шингээх хурдыг нь нэмэгдүүлж орхидог. Өөрөөр бол туйлын цас мөстэй ойр хэдий их түймэр дэгдэнэ,  мөсөн бүрхүүл төдий хурдан хайлна гэсэн үг. 2018 онд Орос, Финландын хилийн орчим дэгдсэн өөр нэг туйлын түймрээр Сибириэс эхтэй утаа угаар нь бүр эх газрын АНУ-д хүртэл хүрчээ. Гэтэл яг тэр сард нь 21 дүгээр зууны хамгийн их гай гамшиг тарьсан хоёр дахь том түймэр Грект дэгдэж, 99 хүний аминд хүрсэн юм. Эргийн харалдаах нэгэн амралтын газарт түймрээс зугтах гэсэн 10 гаруй жуулчин нарийхан чулуун шатаар уруудаж, Эгейн тэнгисийн ус руу орох гэж хичээсэн ч угаартаж, бие биеийнхээ гар дээр амьсгал хураасан байдаг.

Эдгээр түймрийн үр дагаврыг ангид тусдаа юм уу, ердөө нэмэлт төдий гэж үзэх аргагүй. Харин ч биологийн цоо шинэ тойргийн эхлэл цэг болдог гээд ойлгочиход буруудахгүй.

Эрдэмтдийн анхааруулж буйгаар Калифорнийн нутаг дэвсгэр бүхэлдээ шарагдаж, илүү аймшигтай түймэрт удаа даран өртөн, бүр ч хахир хуурай газар боллоо ч урьд хожид байгаагүй их хур бороо, үер усны аюулаас яагаад ч урьдчилан сэргийлэх аргагүй агаад 1862 онд болсонтой адил Их үер шиг байгалийн гамшиг гурвантаа нэмэгдэх нь тодорхой байна.

Үүнийг дагаад хөрсний гулгалт гэж бас нэг айхавтар аюул бий. 2018 оны нэгдүгээр сард Санта Барбарад болсон хөрсний гулгалтаар уулнаас уруудсан сул шороонд хотын нам дор хэсгийн байр сууцнууд бараг тэр чигтээ дарагдаж, далайн эрэг хөвөө хүрэн бор усанд үерлэхээ шахсан байдаг. Тэр үед мэгдэж сандарсан нэг эцэг жаахан хүүхдүүдээ гал тогооныхоо шүүгээний чулуун тавцан дээр суулгахдаа гэрт нь түүнээс өөр бат бөх зүйл байхгүй гэж боджээ. Гэтэл эрчилж ирсэн лаг шороо хэдхэн хормын өмнө хүүхдүүдийнх нь тоглож байсан унтлагын өрөөг нүднийх нь өмнө юу юугүй дараад авч. Цэцэрлэгийн насны нэг хүүхэд нь тэр дороос эсэн мэнд гарч чадаагүй агаад цогцос нь гэрээс нь хоёр милийн зайд байх төмөр замын хажуухнаас олджээ. Хөөрхий хүү лаг шавранд туугдсаар тэнд хүрсэн нь дамжиггүй. Гэхдээ бүр хоёр милийн цаанаас олдсон гэхээр хэчнээн аймшигтай билээ?  

Жил бүр дэлхийн хэмжээнд 260-600 мянган хүн түймрийн утаанд угаартан амиа алддаг, Канадын аглаг буйдад дэгдсэн түймрээс болж бүр Америкийн зүүн эрэгт хүртэл эмнэлэгт хэвтэх хүний тоо огцом өсдөг гэх судалгаа бий.

Колорадод л гэхэд 2002 онд дэгдсэн ганц түймрээс болж хэдэн жилээр ундны ус бохирдсон бол 2014 онд Канадын баруун хойд нутагт ой хээрийн түймэр газар авснаас амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хүний тоо даруй 42 хувиар өсчээ. Уг тооцоог гаргасан судалгааны багийн ахлагчийн хожим ярьснаар “Түймрийн үеэр хүмүүсийн ганцаардаж, хүчин мөхөсдөх нь л хамгийн хэцүү” байдаг аж. “Юу ч хийж чадахгүй, хаашаа ч зугтах аргагүй байна гэдэг аймшигтай мэдрэмж шүү. Хаа сайгүй утаа угаар байхад хаашаа ч гэж явах билээ?”

***

Мод байгалийнхаа жамаар үхсэн ч, хүний буруугаас болж түймэрт өртсөн ч дотроосоо нүүрстөрөгч ялгаруулж, агаар мандалд цацдаг. Энэ нь заримдаа хэдэн зуун жилээр ч үргэлжлэх нь бий. Энэ талаараа ой модны үхэл гэдэг нүүрс түлэхтэй эгээ адил үр дагавартай юм. Чухам ийм болоод л түймрээс үүдэлтэй дулаан ялгарал уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн аюултай эргэлтийн цэгт тооцогдож байна. Нүүрстөрөгчийг шингээж татах учиртай дэлхийн их ой хөвч, ширэнгүүд түймрээс болж нүүрстөрөгчийн эх үүсвэрт хувиран нөөц хийгээ гадагшуулна гэдэг товчхондоо жинхэнэ гамшиг бөгөөд хүлэртэй газар түймэрт өртөх нь бүр ч үгээр хэлшгүй мөхөл сөнөл дагуулах эрсдэлтэй. 1997 онд Индонезид хүлэрт намагтай газарт түймэр дэгдэж, 2.6 тэрбум тонн нүүрстөрөгч ялгарсан нь дэлхий дахины нэг жилд ялгаруулдаг хорт дулааны 40 хувьтай тэнцэж байлаа. Гэтэл хэдий их түймэр дэгдэнэ, төдий хэрээр дулаарна, хэр их дулаарна, тэр хэрээр түймэр газар авна. Калифорнид л гэхэд ганц удаагийн том түймрээс болж мужийн хэмжээнд бүтэн жилийн турш чанга хатуу мөрдөж ирсэн дулааны ялгарлыг бууруулах бүх төрлийн хууль журам, ажил хэрэг талаар болох ч энүүхэнд. Харамсалтай нь ийм хэмжээний түймрийн тоо жилээс жилд өсөж, дулааны ялгарлыг багасгах гэсэн хамгийн өөдрөг, бас хамгийн гутранги бүх л хандлагыг зүгээр л инээдэм наргиан төдий болгож байна. Амазонд л гэхэд 2010 онд “зуун жилд ганц тохиох ган гачиг” ердөө тавхан жилийн зайтай хоёр дахиа нүүрлээд байсан бол 2017 онд 100 мянга гаруй их, бага түймэр дэгджээ.

Одоогоор Амазоны ой ширэнгэ дэлхийн бүх ойн жил бүр биедээ шингээдэг нийт нүүрстөрөгчийн дөрөвний нэгийг элгэндээ нөөж байгаа. Гэвч 2018 онд Бразилын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жаир Болсонару Амазоныг хөгжүүлнэ гэсэн амлалт өгсөн нь үндсэндээ ойг ашиглана, модыг нь тайрна гэсэн санаа байлаа. Ганц хүн бүхэл бүтэн гараг дэлхийг сүйтгэж юу шалиа аж гэж та бодож байна уу? Гэтэл бразил эрдэмтдийн тооцоогоор Болсонаругийн санаачилсан хөтөлбөрөөс болж 2021-2030 оны хооронд 13.12 гигатонн нүүрстөрөгч ялгарахаар байна. АНУ 2018 онд таван гигатонныг ялгаруулсан. Тэгэхээр онгоц, машин, нүүрсний үйлдвэр гээд юм бүхнийг багтаасан Америкийн бүхэл бүтэн эдийн засгийн эргэлтээс бүтэн жилийн хугацаанд ялгаруулдаг нүүрстөрөгчөөс даруй хоёр, гурав дахин их нүүрстөрөгч ганц хүний ганц бодлогоос болж агаар мандалд цацагдана гэсэн үг юм. Агаар мандлыг хамгийн их бохирдуулдаг гэгддэг Хятад л гэхэд 2017 онд 9.1 гигатонн нүүрстөрөгч ялгаруулжээ. Ингэж тооцвол Болсонаругийн бодлого ердөө ганц жил хэрэгжих байлаа ч дэлхий дээр ахин нэг Хятад улс, дахин нэг Америк орон нэмэгдсэн мэт хэмжээний тийм их малтмал түлшний утаа, дулаан ялгарлыг бий болгож, агаар мандлыг бусниулж таарах нь.

Ойн устгал дэлхийн хэмжээнд ялгардаг нүүрстөрөгчийн давхар ислийн 12 хувийнх нь гол шалтгаан болдог бол ойн түймэр 25 хувийг нь эзэлж байна. Метаны хийг татаж шингээх ойн хөрс шорооны чадвар сүүлийн 30-аадхан жилийн дотор 77 хувиар буурчээ. Харин халуун дулаан бүсийн ойн хорогдол дэлхийн дундаж температурыг нэмэлт 1.5 градусаар ч өсгөж мэдэхээр байна. Энэ үзүүлэлт дэлхий нийт малтмал түлшнээс яг одоо татгалзлаа ч өөрчлөгдөхгүй болов уу.

Ойн хорогдлоос үүдэлтэй дулааны ялгарал хэзээний өндөр байж ирсэн. Их хэмжээгээр мод бэлтгэж, ой тэгшилсний хар гайгаар 1861-2000 оны хооронд дулаан ялгарал 30 хувиар өссөн бол 1980 онд хүртэлх хугацаанд хүлэмжийн хий гэхээсээ ойн сүйтгэл хамгийн халуун өдрийн тоо өсөхөд голлон нөлөөлсөн гэх судалгаа ч бий. Ойн хэмжээ хумигдах нь нийтийн эрүүл мэндэд ч шууд нөлөөтэй. Нэгэн судалгаанд онцолсноор ой байснаа халцгайрсан ам км талбай тутамд хумхаа өвчний тохиолдол 27-оор нэмэгддэг байна. Энэ нь модгүй газар хорхой шавж элбэгшдэгтэй шууд холбоотой.

Түймэр гэдэг тэгэхээр бие даасан үзэгдэл яавч биш. Ерөөс уур амьсгалын аюул болгон дараагийн харгис хэрцгий ээлжээ бэлтгэж байдаг.

Түймэр дангаараа хэчнээн аймшигтай билээ? Гэтэл түүнийг дагах, гамшиг болгоныг шил дарах үргэлжилсэн их үймээн, хөл толгойгүй байдал л уур амьсгалын өөрчлөлтийн жинхэнэ хэрцгий догшин дүрийг илчилж; бидний нэгэн хэвийн, тогтвортой гэж итгэж найдаж ирсэн юм бүхнийг орвонгоор нь эргүүлэх хүчтэй юм. Орон гэр маань аймшигтай зэвсэг болж, зам харгуй урхи занганд хувирч, агаар салхи хорноос дээрдэхгүй болно гээд төсөөл дөө. Хэдэн үеийн шинийг санаачлагч, ажиглагч, бүтээгчдийн тухалж асан уулын бэл дэх эдлэн газар, амралтын сууцнууд алуурчны дүртэй болж; зогсолтгүй нэгнийхээ орыг залгах гэнэтийн, тогтворгүй эд эс, үйл явдлаас бүтнэ; тэгээд зөвхөн алж хөнөөхөөр заналхийлнэ гэхээр хэчнээн аймшигтай вэ?

Орчуулсан Г.Лхагвадулам