Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд ахин халдахыг завдсан хэрэг Флорида мужид гарчээ. Америкийн Тусгай албаныхан Трампын гольф тоглодог талбайн ойролцоох бутан дундаас урт бууны хошуу гялсхийхийг анзаарч, сэжигтний өөдөөс гал нээсэн байна. Тухайн үед Трамп буутай этгээдээс 300-500 ярд буюу 275-500 метрийн зайд зогсож байж. Тусгай албаныхан сэжигтнийг баривчлаад байгаа бөгөөд хэргийн газраас АК-47 загварын гар буу, бууны дуран, мэргэжийн камер зэргийг агуулсан хоёр үүргэвч мөн олсон байна. Гэрчүүдийн мэдүүлснээр сэжигтэн тусгай албаныхныг өөр лүү нь гал нээмэгц мод бут хооронд гүйсээр хар өнгийн Ниссан машинд суун зугтжээ. Харин нэгэн гэрчийн амжиж зургийг нь дарсан дугаараар хөөн сэжигтнийг холдож амжаагүй байхад, Трампын гольф тоглодог талбайн хойхно талаас барьж авсан байна. Зарим эх сурвалж сэжигтнийг Хавайн уугуул 58 настай Райан Уэсли Раут хэмээн нэрлээд байгаа бөгөөд хэрэв энэ мэдээлэл үнэн бол Раут сайн дурынхныг Украин явж, Оросын эсрэг дайтахыг сошиал хуудсаараа уриалж байсан этгээд аж.
Трамп дэмжигчдэдээ илгээсэн зурвастаа өөрийгөө аюулгүй, эсэн мэнд байгаа гээд “Би хэзээ ч бууж өгөхгүй. Намайг юу ч зогсоож чадахгүй” гэжээ. Түүний амь насанд халдахыг завдсан өөр нэг хэрэг Пенсильвани мужийн Батлер хотод яг хоёр сарын өмнө гарсан юм.