Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хоёр жилийн өмнө Яармаг руу нүүсэн. Тухайн үед одоогийн Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ түгжрэлийн төв цэгт ажиллана хэмээн попорч Яармаг дахь Койка-гийн төслийн барилга буюу Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд байрлах шийдвэр гаргасан нь олон хүний эсэргүүцэлтэй тулсан. Яармаг нүүх эл шийдвэрээс болж яамны цөөнгүй хүн ажлаасаа гарч байв.

Гэтэл сонгуулийн дараа нэр нь өөрчлөгдөж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болсон тус байгууллагынхан сүүлдээ Солонгосын төслийн байрнаас “хөөгдөхдөө” тулаад байсан юм. Зүв зүгээр байсан өмнөх байраа хаяад явсан байгаль орчны яамныхан буух эзэн буцах хаяггүй болж, нэг үе Цаг уур, орчны шинжилгээний газарт орох асуудал яригдаад чимээгүй болсон.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Солонгосын санхүүжилтээр баригдсан уул уурхайн судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн лаборатори хэрэгслийг агуулахад нь хурааж, 30 хүний байранд 150 гаруй хүнийг багтааж байршуулан ажиллаж байжээ.

Энэхүү төслийн барилга 5.800.000 ам доллараар баригдсан бөгөөд барилгын даац хэтэрснээс үүдэн шугам хоолойн эвдрэл гэмтэл гарч эхэлсэн зэрэг асуудал үүсэж Солонгосын талаас төрийн яамыг нүүгээч гэдэг илт дургүйцсэн санал, шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байж. Тэр болгонд түр хугацаагаар гэж амыг нь тагласаар байсан ч цаашид байрших боломжгүй болсноор төрийн яам орох орон, оочих аягагүйдээ тулж Засгийн газарт асуудлаа тавьснаар ямартаа ч шийдэгдэж байгаа бололтой.  Ингэснээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Барилга хот, байгуулалтын яам байрлаж буй барилгад нүүж орох шийдвэр гарсан байна. Энэ дагуу маргаашнаас эхлэн нүүдэл суудал хийхээр төлөвлөжээ.