Зөрчлийн тухай хуульд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана” гэсэн өөрчлөлтийг өнгөрсөн жил оруулсан. Хуулийг дагалдах журмууд батлагдсан бөгөөд торгуулиа төлөөгүй эхний сар 10 хувь, хоёр дахь сард 20 хувь зэргээр таван сарын хугацаанд 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр тусгаад буй. Харин эхний 15 хоногтоо багтаан төлөх юм бол 50 хувь хөнгөлөхөөр зохицуулсан.

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийг дагалдан гарсан Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага хооронд мэдээлэл солилцох журмын хүрээнд ЗТХ-ийн 7.5 дугаар зүйлийн 1-д Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Татварын хууль, Автозамын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлсэн тооцсон төлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана” гэж заажээ. Энэхүү журам өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан бөгөөд шийтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэн тооцох нийт хугацааг 5 сараас хэтрүүлэхгүй гэж заасантай холбоотойгоор даруй хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, замын цагдаа нар энэ долоо хоногоос эхлэн автомашинуудыг зогсоож шалгахдаа торгуулиа төлөөгүй бол газар дээр нь зөрчлийг арилгуулах, эсвэл шууд ачиж журамлуулах эрх үүсэж байгааг албаны эх сурвалж хэллээ.