УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд өнөөдөр ажиллав. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Үүний хүрээнд хууль тогтоох болон шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалт бий болгохоор санал солилцсон нь энэ аж. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэлээ. Тэрбээр хууль тогтоох болон шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд хамтран ажилласнаар тэдгээрийг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулахдаа шүүгчийн ачаалал их, ажиллах орчин нөхцөл хүнд байгаагаас шалтгаалж сул орон тоо бүрэн нөхөгдөхгүй байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар шүүхүүд 42 барилгад үйл ажиллагаа явуулж буй ч 36 нь стандартын шаардлага хангахгүй, суулттай, мөөгөнцөр үүссэн гэх мэт асуудалтай байгааг тодотгов. Мөн шүүхүүдийн зургаа нь өөрийн байргүй, дөрөв нь прокурорын байгуулагын байранд, нэг нь орон нутгийн өмчийн барилгад байрлаж байгаа нь хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлаж буйг онцлоод, шүүх байгууллагын байр, орчин нөхцөлд анхаарлаа хандуулахыг хүслээ.