Нийслэлийн Прокурорын газраас П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналыг энэ сарын 6-ны өдөр хүлээн авч өчигдөр хянажээ. Тодруулбал, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн шүүхэд саналаа хүргүүлээд буй юм. Тэгвэл шүүхээс Нийслэлийн Прокурорын газрын “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.