Баянзүрх дүүрэгт байрлах Хо-Ши-Миний нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн баруун талд буюу зэргэлдээ байрлах “Шунхлай” ШТС-ын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгожээ. Тус сургуульд 5822 сурагч, 238 багш, ажилтан, мөн ШТС-ын дэргэд байгаа орон сууцны барилгын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна гэж прокурорын байгууллага үзсэн байна. Улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүсэлт тавьсны дагуу “Шунхлай” ШТС-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргаад буй юм.
Сургуулийн багш, ажилчид: Шатахууны ууршилтаас гарч буй үнэрт дотор муухайрч, толгой өвдөж, бөөлждөг
Биднийг Нийслэлийн ерөнхий боловсролын 14-дүгээр сургууль дээр очиход шатахууны ууршилтаас гарч буй үнэрээс шалтгаалан дотор муухайрах, толгой өвдөх, цаашлаад бөөлжих мэдрэмж төрдөг гэдгийг багш, ажилчид хэлж байсан юм. Мөн сурагчдын бие эвгүйрхэх, дотор муухайрч толгой өвддөг талаар багш нартаа хэлдэг аж. Гэвч хотын даргын захирамж гараад хоёр сар гаруй болж байгаа ч өнөөдөр /2024.12.11/ өглөөний байдлаар офицеруудын тойрогт байрладаг, Хотын захиргаанаас газрын гэрчилгээг нь хүчингүй болгох шийдвэр гарсан “Шунхлай” ШТС-ыг буулгаж эхлээгүй байв. Буулгах нь битгий хэл иргэдэд шатахуун түгээж хэвийн ажилласаар байгаа юм.
Шатахууны ууршилт 150 орчим хорт нэгдэл агаарт “цацаж”, цусны хорт хавдрын үндсэн шалтгаан болдог
Тэгвэл сургууль, орон сууцны хороолол дунд ШТС байрлах нь ямар хор уршигтай вэ. Шатахууны ууршилтаас 150 орчим төрлийн химийн хорт нэгдлүүд агаарт ялгарч, эргэн тойрны 100 метр газарт тархаж, амьсгалын замын төрөл бүрийн өвчлөлийн шалтгаан болдог аж. Шатахууны найрлагад байдаг “Бензол” гэх бодис нь хүний эрүүл мэндэд нэн хортой, ялангуяа бага насны хүүхдэд цусны хорт хавдрын үндсэн шалтгаан болдог нь олон улсын судалгааны байгууллагуудаас хийсэн судалгаагаар батлагдсан байдаг. Түүнчлэн шатахууны үнэрт байнга байх нь донтох, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үр дагаварыг үүсгэдэг, шатахууны тэсрэмтгий шинж чанарыг бүрдүүлдэг метан, бутан, этан, этилен, ацетон зэрэг органик үүсгэгчид нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг гэмтээж, эд ба салст бүрхэвчийг цочроодог, хордуулах үйлчлэлтэй байдаг бөгөөд салст бүрхэвчийн үрэвсэл, харшил, уушгины багтраа зэрэг өвчинг үүсгэх нөхцөл бүрдүүлдэг байна.
Шатахууны найрлагад 30-200 градуст буцалдаг нүүрстөрөгч болон түүний ашиглалтын чанарыг сайжруулахад зориулагдсан нэмэлтүүдээс бүрддэг бөгөөд пропан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон химийн бодис агуулагддаг. Эдгээр хорт бодисууд хүний бага тархинд хүчтэй нөлөөлж, мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна амьсгал боогдуулах, нүдний салстуудыг гэмтээх онц аюултай, уушгины сурфактант тогтолцоог гэмтээж, уушгины архаг хордлогот үрэвсэл үүсгэдэг байна. Эндээс үзэхэд шатахуун түгээх станц нь ерөнхий боловсролын сургуультай зэргэлдээ байршилд байгаа нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах үндсэн эрх зөрчигдөж байна гэж үзэх хангалттай шалтгаан юм.
“Шунхлай” ШТС-ын газрын гэрчилгээг хүчингүй болгох А/1174 тоот захирамж аравдугаар сарын 4-нд гарчээ
Прокурорын байгууллага зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажилладаг. Баянзүрх дүүргийн прокурорын газар төр, нийтийн эрхийг хамгаалах ажлынхаа хүрээнд нийтийн эрүүл мэнд, хүн амын аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй сургууль болон орон сууц, эмнэлэг орчмын бүсэд шатахуун, шатдаг хийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байгаа байдлыг судалсан нэг ажил нь дээрх “Шунхлай” ШТС юм.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас “Шунхлай трейдинг” ХХК-ийн 21 дүгээр салбар шатахуун түгээх станцын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гомдлыг Нийслэлийн засаг даргад гаргасны дагуу Нийслэлийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1174 дугаартай захирамж гарч уг шатахуун түгээх станцын газар эзэмших эрхийг хүчингүй болгоод буй юм. Мөн прокуророос тус шатахуун түгээх станц нь сургууль, орон сууцны орчмын бүсэд байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандарт нормд нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор, Хотын стандарт, хяналтын газар болон Онцгой байдлын газарт хандаж дүгнэлт гаргуулахад тухайн байршилд шатахуун худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа нь галын аюулгүй байдлын болон хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын талаарх Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандарт нормд нийцэхгүй болох нь тогтоогджээ.
Олон зуун хүний эрүүл мэндэд хор, хохирол учруулж буй энэхүү асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно