"Шинжлэх ухаан-Оролцоо 2024" форум болж, салбарын төлөөллүүд чууллаа. Уг форумыг Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулсан. Форумын гол зорилго нь шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох, улс орны хөгжилд шинжлэх ухаан, технологийн оролцоог нэмэгдүүлэх юм.
Форумыг нээж Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр үг хэлсэн. Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нар мэндчилгээ дэвшүүлсэн. Форумаар Шинжлэх ухаан, технологийн стратеги ба оролцоо, Шинжлэх ухаанд суурилсан нэгдсэн бодлого төлөвлөлт, Эгийн голын 310 мвт-ийн усан цахилгаан станц барих төсөл, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл зэрэг сонирхолтой илтгэлүүд тавьсан. Мөн эдгээр асуудал тус бүр дээр шинжлэх ухааны оролцоо нь ямар байх талаар хэлэлцсэн нь онцлог байв.
Энэ үеэр “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах инновацын судалгааны тэтгэлэг 2024”, “Хүрэлтогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын шилдэг залуу судлаачдад сайдын нэрэмжит грантыг олголоо. Мөн оны шилдэг эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, өгүүллийн эздийг тодруулсан юм. Шилдэг бүтээл, өгүүллийг дор дурдъя.
Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл
1. Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Монгол Улсын түүх XX-XХI зуун” 5 боть бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
XX зуунд Монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээж, бататган бэхжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, үндэсний хувьд сэргэн мандсан орчин үеийн улс болсон нь урагш дэвших үйл явцын суурь болж, ХХI зуунд улам баяжин гүнзгийрч буйг таван ботид багтаан харуулжээ.
Энэхүү бүтээл нь “БНМАУ-ын түүх” 3 боть зохиолын 3-р боть /1969/, “Монгол Улсын түүх” таван боть зохиолын 5-р боть /2003/ зэрэг ХХ зууны түүхийг дагнан өгүүлсэн бүтээлүүдээс хойш гарч буй томоохон бүтээл юм.
Бүтээлийн судалгааны багт Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, МУИС, МУБИС, ХИС, Үндэсний төв архив, Чингис хаан үндэсний музей зэрэг байгууллагын 26 эрдэмтэн судлаачид ажиллажээ.
2. Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Тус бүтээл нь “Бээжин барын Гэсэр” болон “Лүн Фү Сэ хийдээс олдсон Гэсэр”-ийн барын болон хулсан үзгийн эх бичгийг сурвалж болгон уран зохиолын онолын үүднээс судалж, кирилл үсгээр хэвлэгдэж байгаагүй 7 бүлгийг үгийн сан, соёлын тайлбар, зүүлтийн хамт хэвлүүлсэн хэл, уран зохиолын харьцангуй бүрэн хэмжээний судалгаа юм.
3. Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидын “Шинэ нөхцөл дэх шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Уг бүтээл нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого түүний хэрэгжилтийн талаар хийсэн судалгааны үр дүн юм. Хөгжлийн үзэл санаанд тулгуурлан, улс орны бүхий л чадавхыг шинжлэх ухаан, технологи, инновацад суурилан эдийн засгийг буй болгох, ТӨР-ШИНЖЛЭХ УХААН-БИЗНЕС-ИРГЭНИЙ НИЙГЭМ гэсэн 4 тулгуур бүхий өргөн хүрээний зөвшилцөлд хүрсэн хөгжлийн загварыг боловсруулж гаргаж ирсэн шинэ бүтцийг санал болгожээ.
5. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа нарын “Гал түймрийн шалтгаан нөхцөл: ХИМИЙН БОДИС” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Тус бүтээл нь галын физик, химийн процессыг тайлбарласан, шатдаг болон шатамхай химийн бодис, материалын шинж чанал, шаталтаас үүссэн химийн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон гал түймрийн тухай онолын анхдагч, суурь материал болох боломжтой юм.
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл
1. Олон улсын Шпрингэр Нэйчур хэвлэлийн газрын Дайменшн мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр хамгийн өндөр үзүүлэлттэй дараах өгүүллүүд 2023 оны эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээр шалгарлаа.
2. Академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Тугалын Жанлав нарын “Construction and Dynamics of Efficient High-Order Methods for Nonlinear Systems” “Шугаман бус системийг бодох өндөр эрэмбийн үр ашигтай аргууд байгуулах, түүний динамикийг судлах нь” өгүүлэл Байгалийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
3. Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвийн эмбриологич, Биологийн ухааны магистр Б.Мөнгөншагай нарын “The Trophectoderm could be better predictable parameter than inner cellular mass (ICM) for live birth rate and gender imbalance” “Үр хөврөлийн үүдэл эс бус трофоектодермийн үнэлгээ нь амьд төрөл болон хүйсийг урьдчилан таамаглах боломжтой” өгүүлэл Инженер технологийн салбарт шилдгээр шалгарлаа.
4. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Т.Нарангарав нарын “Selective Dissolution of copper and iron from molybdenite concentrate using acidic sodium nitrate solution” – “Натрийн нитратын хүчиллэг уусмал ашиглан молибденитын баяжмалаас зэс, төмрийг сонгон уусгах нь” өгүүлэл Инженер технологийн салбарт шилдгээр шалгарлаа.
5. Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор, профессор Я.Оюунчулуун нарын “Effects of Grazing on taxonomic and Functional Diversity of benthic macroinvertebrates of six tributary streams of the eastern shore of Lake Hovsgol, Mongolia” – “Хөвсгөл нуурын зүүн эргийн цутгал голуудын ёроолын сээр нуруугүйтний таксономын болон функциональ олон янз байдалд бэлчээрлэлтийн нөлөө” өгүүлэл Хөдөө аж ахуйн салбарт шилдгээр шалгарлаа.
6. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам нарын “Hepatitis B, C, and D Virus Infection among Population Aged 10-64 Years in Mongolia: Baseline Survey Data of a Nationwide Cancer Cohort Study” - “Монгол Улсын 10-64 насны хүн амын гепатитын В, С, Д вирусийн халдвар: Үндэсний когорт судалгаа” өгүүлэл Анагаах ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
7. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн Инженерийн зурагзүйн тэнхимийн доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер Ч.Оюунжаргал, чанарын менежер, доктор Э.Оюунзаяа нарын “Trends of Training in Engineering Graphics” – “Инженерийн графикийн сургалтын чиг хандлага” өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
8. Олон улсын Шпрингэр Нэйчур хэвлэлийн газрын Дайменшн мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр хамгийн өндөр үзүүлэлттэй долоон өгүүлэл 2023 оны эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээр шалгарсан юм.
"Шинжлэх ухаан-Оролцоо 2024" форумын хүрээнд Сэргээгдэх эрчим хүч, Усан цахилгаан станц, Газрын доорх болон гадаргын ус, Хүнд аж үйлдвэр, Химийн аж үйлдвэр, Хиймэл дагуул ба тандан судлал сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, судалгааны үр дүн, инновац, технологийн шийдлийг танилцуулсан тусгай үзэсгэлэн гаргасан. Тус үзэсгэлэн нь төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан илүү үр дүнтэй болгох боломжуудыг олон нийтэд хүргэж, бодитой шийдлүүдийг санал болгох зорилготой байв.