Ардчилсан намын дарга Л.Гантөмөр,  тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон намын нийт бүрэлдэхүүн,  нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Одоогоос  26 жилийн өмнө яг энэ өдөр тэрбээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Түүнээс хойш жил бүр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг болсон уламжлалтай.

Ташрамд дурдахад, өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, түүний  амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлахаар шийдвэрлэсэн билээ.

Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн О.Номинчимэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гарган парламентад танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллах болсон талаар мэдээлэл хийсэн юм. Тус ажлын хэсгийг гишүүн О.Номинчимэг ахалж, гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, П.Сайнзориг болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна. Тэрбээр “УИХ-аас баталж буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг баримтлан ажиллана гэдгээ 126 гишүүнтэй шинэ парламент онцолж буй. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын парламентын холбоотой хамтран эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хэрхэн сэргээх, хор хохирлыг барагдуулах ажил ямар явцтай байгаа, явц нь удааширч байгаа шалтгааныг олж, холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахад анхаарал хандуулан ажиллана” хэмээв.