Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монголоос Пакистанд халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн, Пакистанаас Монголд оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, визний хөнгөлөлт үзүүлэхэд анхаарч өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Монголоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв. Ташрамд дурдахад, Монгол Улс нь Пакистан улстай 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манайхаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хавсран суудаг болно.