Б.ТӨГӨЛДӨР

Зохиолч Todko Samson-ны “Чамд хэн итгэх юм бэ?” цуврал романы сүүлчийн дэвтэр “Үр хөврөл” романы нээлтээ “Тэг-цэгийн тэмүүлэл-II” нэртэй оюун санааны өдөрлөгийнхөө үеэр хийх нь. Энэ өдөрлөг нь ирэх 13-ны 13.00 цагт Соёлын төв ордонд болох юм байна.  Todko Samson зохиолчийн хувьд “Чамд хэн итгэх юм бэ?” цуврал роман нь найман жилийн өмнө “Вангийн нулимс”-аар эхэлсэн юм. Сүүлчийн романыхаа тухайд зохиолч “Энэхүү роман нь уншигч танд бичлэгийн шинэ төрөл, хэв маяг, огт хөндөгдөөгүй сэдвийг өмнө тань дэлгэж, гурван цагаар аялуулах цаг хугацааны машин болно гэж найдаж байна” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Оюун санааны өдөрлөгт мөн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Н.Наранбаатар “Сэтгэлгээ”, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, сэтгүүлч, зохиолч Б.Наминчимэд “Үзэл санаа”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа “Мөн чанар”, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Итгэл үнэмшил” сэдэвт илтгэл тавих юм.