Өмнөговь, Дундговь аймгийн МАН-ын дарга нарыг томилжээ

Өмнөговь аймгийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилжээ. Тэрбээр 2012-2016 онд тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан юм. Мөн “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүлэгчээр нь, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байв. Л.Энхболд нь ЗХУ-ын Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч, Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ.

Мөн Дундговь аймгийн МАН-ын даргаар С.Мөнхчулууныг томилов. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Мөн 2022-2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажиллаж байна. С.Мөнхчулуун 2001-2008 онд ХБНГУ-д улс төр, түүхийн чиглэлээр суралцаж байсан, метталлурги инженер мэргэжлээр мэргэшсэн инженер зэрэгтэй, герман, англи хэлтэй аж.