Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин энэ сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.