Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн нийслэлийн ИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав. Мөн нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 нь хүчинтэй саналаас 39 төлөөлөгчийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ. Улмаар А.Баярыг нийслэлийн ИТХ-ын даргаар сонгох тухай тогтоолын төсөлд илээр санал хураан, олонх нь дэмжив. Нийслэлийн ИТХ-ын даргын тамгыг 2020-2024 оны нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүний дарга Ж.Батбаясгалан гардуулан өглөө.

А.Баяр

Мөн нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг  дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүлэв. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Энэ үеэр Х.Нямбаатар “Ирэх дөрвөн жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040"-д нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно” гэв.