Японы халуун усны газар, рашаан сувиллын газруудад 2022 оноос хойш нийт мянга гаруй эмэгтэйн усанд орж байгаа бичлэгийг нууцаар авсан гэмт этгээдийг баривчилжээ. Тэрээр баримлын шавар, хуванцар материал ашиглан хуурамч чулуу хийж, дотор нь нууц камер байрлуулан бичлэг хийдэг байж. Фүкүшима мужийн уугуул, 31 настай гэмт хэрэгтнийг Ямагата мужийн нутгаас баривчилсан аж. Тус мужийн нэгэн халуун усны газраар үйлчлүүлж байсан эмэгтэй сонин содон өнгөтэй нэг чулуу гялалзаж гялтганаад байхыг анх анзаарснаар энэ бүх хэрэг илчлэгджээ. Цагдаа нар төд удалгүй гэмт этгээдийг уулчны хувцастай ирж, суурилуулсан камераа авахаар ирэхэд нь баривчилсан байна.
Хэрэв гэм буруутай нь шүүхээр нотлогдвол түүнд хоёр жил хорих ял оноох гэнэ. Харин Японы сошиал медиа хэрэглэгчид үүнд сэтгэл дундуур байгаа аж. “Хоёрхон жил хорино гэдэг дэндүү хөнгөн ял байна. Хохирсон эмэгтэй болгоны тоогоор хоёр жил гэж тооцвол 2000 жил хоригдох хэрэг хийсэн байна” гэсэн сэтгэгдэл нийгмийн сүлжээнд олон байна.
Японд энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд өсөж байгаа юм. Бэлгийн сэдэлтэйгээр хүний хувийн орон зайд халдаж, нууцаар зураг авсан, бичлэг хийсэн хэрэг зөвхөн өнгөрсөн жилд 5730 бүртгэгджээ.