Хамтарсан Засгийн газар эмхлэн байгуулагдаад 100 хонож байна. Бодлогын гол яамыг хоёр дахь удаагаа удирдаж буй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай цаг үеийн болоод бусад асуудлаар өргөн хүрээнд ярилцлаа.  

-Та өмнө нь удирдаж байсан салбартаа бараг гурван жилийн дараа эргээд сайдаар томилогдлоо. Тухайн үед эхлүүлж байсан ажлын үр дүн, шинэчлэл хэр байв?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбараасаа холдоогүй. Харин эргээд сайдаар томилогдоод ажиллаж байна. 2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа реформын чанартай томоохон өөрчлөлтүүдийг эхлүүлсэн. Эрүүл мэндийн салбарын хамгийн том суурь шинэчлэл болсон гүйцэтгэлийн санхүүжилт бага зэрэг уналтад орсон байна. Иргэдэд ээлтэй байх ёстой ч үр нөлөө тааруу болчихсон юм болов уу гэж ажиглагдаж байна. Байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжилт авч байгаа ч тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилчид энэ системээр хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаа. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарах бодлого баримтална.

Өмнө нь сайдаар ажиллаж байхдаа анхаарч байсан гол бодлого бол өвчилснийх нь дараа эмчлэх биш өвдөхөөс нь өмнө сэргийлж, шалтгаан нөхцлийг нь арилгах эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх буюу нийгмийн эрүүл мэндийн бодлогыг эрчимтэй эхлүүлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо улс орон даяар өрнөсөн боловч бага зардлаар их өвчлөлийг илрүүлэх оновчтой зөв бодлого жаахан учир дутагдалтай байлаа. Эргээд урьдчилан сэргийлэх үзлэгийнхээ мэдээлэлд үндэслэсэн хяналтын тогтолцоо, дараа дараагийн бодлогоо боловсруулахдаа зөв болгох тогтолцоо хаягдсан гэж хэлж болно. Энэ бүхнийг засаж сайжруулж үргэлжлүүлэхдээ урьдчилан сэргийлэх бодлогыг тодорхой сегмент рүү чиглүүлэх, бага зардлаар илүү олон хүнийг оношлоход анхаарах шаардлагатай. Жишээлбэл, нярайн эрт илрүүлэг, сургуульд суурилсан, хорт хавдар руу чиглэсэн, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг илрүүлэх урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд оновчтой зохион байгуулж байна.

Хамгийн үр дүнтэй эрт илрүүлэг бол байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарах ёстой. Хуулиараа ч энэ зохицуулалтыг тодорхой болгож өгсөн. Эрүүл мэндийн яамнаас цаашид байгууллагад суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоог сэргээх, тогтмолжуулахад анхаарна. Байгууллагын удирдлагууд ажилчдаа тогтмол үзлэг шинжилгээнд хамруулахгүй бол хариуцлагын системийг бий болгож нэвтрүүлэх зэргээр багагүй шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

Жилд 30-40 мянган иргэнийг Улаанбаатар хотод ирэхгүйгээр тусламж, үйлчилгээ авч, зардал хэмнэж орон нутагтаа үлдээх боломжийг олгоно

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Салбарын яамд 100 хоногт юу хийв гэдгээ тайлагнадаг уламжлал тогтоод удаж байна. Эрүүл мэндийн салбар ямар ажил амжуулав?

-Тоочоод хэлбэл нэлээн олон ажил амжуулсан байна. Багцлаад харах юм бол төвлөрөл сааруулах үндэсний бодлого, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөл бууруулах, эрт илрүүлгийн тогтолцоо, хавдрын нэгдсэн бодлого, эмийн бодлого зэргийг нэрлэж болно. Мөн цаг үетэй холбоотойгоор сүүлийн саруудад  ирэх оны төсөв, томуугийн өвчлөлд түлхүү анхаарлаа. Үндсэндээ өвчлөлийг бууруулж байж эрүүл мэндийн салбарын ачаалал багасах учраас өвчин үүсгэх шалтгаан руу чиглэсэн бодлогод онцгой анхаарч байна. Нөгөө талд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой хийж “Эрүүл ирээдүй”-г бий болгохыг зорьж нярайн болон сургуульд суурилсан эрт илрүүлгийг эхлүүлсэн. Хүүхдүүд эмчлүүлж эрүүл саруул болоод эхнээсээ үр дүнгээ өгч байна. Энэ бол 10 жилийн дараа эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулж, эрүүл Монгол иргэн бүтээх гол бодлого юм.

Мөн хүн амьдарч байгаа бүс нутагтаа  тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж төвлөрөл сааруулахад онцгой анхаарал хандуулж байна. Эхнээсээ үндэсний багууд орон нутагт ажиллаж эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүн амд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэг жилийн дараа гэхэд аймгууд бүрэн хэмжээнд чадавхижна. Ингэснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурч Монголд эмчлэгдэхгүй байгаа өвчинд анхаарах боломж бүрдэнэ. Одоогийн цаасан дээр байгаа 26 өвчинг ирэх дөрвөн жилд бүгдийг нь Монголд эмчилдэг болгохыг зорьж байна.

Мөн орон нутгийн иргэд дүрс оношилгооны хариуг нарийн мэргэжлийн эмчээр уншуулахын тулд Улаанбаатар хотод цаг хугацаа, зардал гаргаж ирдэг байсныг өөрчлөхийн тулд 21  аймгийг төвлөрсөн Дүрс оношилгооны системтэй холбон Улаанбаатар хотод Зайн оношилгооны төв байгуулж байна. Ингэснээр орон нутгийн иргэд КТ, рентген зэрэг  дүрс оношилгооны төхөөрөмжийн зургийг зайнаас цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчээр уншуулах боломжийг бүрдүүллээ. Зайнаас дүрс оношилгооны хариу унших төв нь өнөөдрөөс бүрэн ажиллаж эхэлж байна. Энэхүү нэгж ажиллаж эхэлснээр жилд хамгийн багадаа 30-40 мянган иргэнийг Улаанбаатар хотод ирэхгүйгээр тусламж, үйлчилгээ авч, зардал хэмнэж орон нутагтаа үлдээх боломжийг олгоно.

Ер нь өнгөрсөн хугацаанд хэтэрхий эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах буюу өвдсөнийх нь дараа эмчлэх эмнэлэг барих зүйл рүүгээ хэт анхаарснаас биш иргэдийг яаж эрүүл байлгах вэ гэдэг бодлого хаягдсан тал бий. Тиймээс яаж эрүүл байлгах, өвчин үүсгэж буй шалтгаан нөхцөл, эрсдэлт хүчин зүйлийг хэрхэн бууруулах вэ гэдэгт цогцоор нь анхаарна. Өвчилсөн үед оновчтой зөв системээр илрүүлж, эмчлэх вэ гэдэг чухал. Хамгийн гол нь тухайн хүний амьдарч буй бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай үзүүлэх шаардлага тулгарч байна.

Хэт их төвлөрсөн тусламж үйлчилгээг задалж төвөг чирэгдэл учруулж байна. Тиймээс 21 аймаг, есөн дүүрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж чадавхыг сайжруулах, бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна. Энэ бодлого эхнээсээ Хавдар судлалын үндэсний төв дээр үр дүнгээ өгөөд эхэлсэн. Хавдрын хүлээгдэж байгаа чирэгдэл 30 хувиар буурсан. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ирэх онд аймгуудыг чадавхижуулах ажил үргэлжилнэ. Мөн ХСҮТ доторх зохион байгуулалтыг өөрчлөхөөр байгаа. Улсын хэмжээнд ганцхан ХСҮТ дээр хийдэг туяа эмчилгээ 4-5 сарын хүлээгдэлтэй байна. Гэтэл 40-50 тэрбумын өртөгтэй гурван аппарат хоногийн найман цаг ажиллаж байна. Үүнийг 18 цаг болгох боломжтой. Үр дүнд нь 4-5 сарын оочер дугаарыг хоёр дахин буурна. Хүний нөөц, хөдөлмөрийн үнэлэмж талаас нь зохион байгуулалт хийснээр туяа эмчилгээний эмчийн цалин хоёр дахин нэмэгдэх буюу 6-7 сая болж өсөх тооцооллыг хийсэн.

Байгууллагууд ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бол урамшуулдаг систем оновчтой

-Ярианы эхэнд дурдсанаар ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахгүй бол хариуцлага яригдах нь гэж ойлголоо. Хариуцлага тооцох хөшүүрэг ямар байх вэ?

-Нэг удаагийн шинжтэй зүйлээр асуудлыг шийдэх нь төдийлөн үр дүн муутай. Харин хууль эрх зүйн талаас нь илүү тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж харж байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн болон Даатгалын хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудыг шинэчлэхдээ хариуцлагын тогтолцоог тодорхой тусгана. Ингэхдээ бусад улс оронд байгууллагууд нь ажилтан алба хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй бол хариуцлага тооцдог механизмуудыг судлаад манай улсад аль нь тохирох вэ гэдгийг авч үзнэ. Гэхдээ хариуцлага тооцно гэхээс илүү ажилтан, алба хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бол урамшуулдаг систем илүү оновчтой байх талтай.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 14.2-т эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна гэж заасан. Энэ дагуу ажил олгогч ажилтнууддаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийлгэдэг бөгөөд энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрт илрүүлгийн үзлэгтэй давхацдаг. Харин одоо  “Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил зохион байгуулсан аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын нэг хувийг татвараас хөнгөлөх” хөшүүрэг бий болсон. Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлэх Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээнд Ажлын байран дахь эрт илрүүлэг-зорилтот бүлэгт чиглэсэн эрт илрүүлгийг зохион байгуулахаар тогтсон.

Ажлын байран дахь эрт илрүүлгийн журмыг Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран батлуулах юм. Өөрөөр хэлбэл, ажилтнуудаа эрт илрүүлагт хамруулах зааврыг тодорхой болгоно гэсэн үг.

Папиллома вирусийн эсрэг вакцин дэлхий даяар 175 сая тун тараагдаж, 20 жил туршигдлаа шүү дээ.

-Цаг үеийн хамгийн чухал үйл явдал папиллома вирусийн эсрэг вакцин болоод байна. Сөрөг мэдээлэл ч нэлээн гарах шиг боллоо?

-Дэлхий даяар вакцины 175 сая тун тараагдаж, олон улсад хийгдсэн 160 гаруй судалгаанд аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсээгүй. Үндсэндээ дэлхий дээр 20 жил туршигдлаа шүү дээ. АНУ, Канад болон Монгол Улсад хийгдсэн судалгаагаар вакцин хийлгэсэн охидод жирэмслэлт, төрөлтөнд саад учруулсан буюу “Үргүйдэлд” хүргэсэн зүйл гараагүй.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 150 буюу НҮБ-ын гишүүн улсуудын 79.2 хувьд нэвтрүүлснээс 143 улс  орон Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт тусган нэвтрүүлсэн байдаг.

Вакцины нэг тун хийлгэснээр халдвараас 98 хувь хамгаалдаг. Вакцин урт хугацааны дархлаа тогтоох боломжтой гэдгийг олон улсын судалгаагаар тогтоосон Дархлаажуулалт хийснээс 10 жилийн дараах үр дүнг судалсан судалгаанаас харахад 9-16 насны вакцин хийлгэсэн охидыг вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 88 хувиар бууруулсан байна.

Гэтэл жил бүр дэлхий даяар 266 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас бардаг ба тэдний 85-аас дээш хувь нь хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүд байна. Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлын дөрөвдүгээрт, нас баралтын тавдугаарт орж байна. Ийм л аюултай түвшинд байна шүү дээ.

2023 онд умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь өдөрт нэг эмэгтэй энэ өвчинд өртөж байгааг харуулж байна. Жилд дунджаар 160 нь эмэгтэй энэ хавдраар нас барж, төдий тооны гэр бүл өнчирч байна. Тиймээс шинжлэх ухаанаар батлагдаж, дэлхий нийт туршаад үр дүн гарч үр нөлөөг нь хүртэж байгаа вакцинжуулалтад Монголчууд итгэх ёстой. Бид энэ жилээс улс даяар 11 настай хүүхдүүдийг папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ. Орон нутагт хамрагдалт харьцангуй өндөр хувьтай явж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хямралаас болж иргэдэд хохирол учруулсан зүйл байхгүй

-Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөгүй болсон. Энэ хямрал юунаас болов. Иргэд даатгалаа төлөөгүйгээс болов уу гэж уншигчид бодож магадгүй?

-Даатгуулагчдын төлбөрөө төлөөгүйгээс болсон зүйл биш. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд, ялангуяа цар тахлын үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт төлөвлөснөөс илүү өндөр гарсан. Үүнийг дараа онд нь даатгалын санд төвлөрүүлж, төсөвт суулгах ёстой байсан ч чадахгүй явсаар өнөөг хүрсэн. Гурван жилийн санхүүжилт хуримтлагдсаар 218 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ оныхтой нийлээд 330 тэрбум болж байна. Жишээлбэл, арваннэг, арванхоёрдугаар сард зарцуулах ёстой байсан санхүүжилтийг оны эхний хоёр сарын томуугийн өвчлөлд зарцуулчихсан. Үүнээс үүдэлтэйгээр эрүүл мэндийн даатгалын санд хямрал үүсээд байгаа юм. Эндээс харахад цаашид засаж залруулах бодлогоо сайн гаргах ёстой. Аль эрүүл мэндийн байгууллага, улсын болон хувийн эмнэлэг хэдэг төгрөгөөр санхүүжих зэргээр бүгдийг ойлгомжтой, тодорхой болгохгүй бол өмнөх алдаа дутагдал давтагдсаар байх болно. Санхүүжих дүнгээ юун дээр үндэслэж ямар томьёоллоор тогтоох вэ гэдгээ бас эргэж харах хэрэгтэй. Ер нь даатгалын сан бүх тусламж үйлчилгээг санхүүжүүлэх боломжгүй, хязгаарлагдмал. Хэрэв боломжийн хэмжээнд хүргэнэ гэж байгаа бол одоогийн ДНБ-ий гурван хувийг дор хаяж зургаан хувьд хүргэх ёстой. Яг өнөөгийн нөхцөлд бол зохицуулалтыг оновчтой болгохоос өөр аргагүй. Тодорхой болгох зүйлс олон бий.

-Зарим эмнэлэг даатгалын санхүүжилт зогссон учраас үйлчилгээ үзүүлэхээс татгалзлаа гэсэн мэдээлэл гарсан. Иргэд хохирсон зүйл байгаа юу?

-Иргэдэд хохирол учруулсан зүйл байхгүй. Нэн шаардлагатай зайлшгүй үзүүлэх ёстой тусламж үйлчилгээг ЭМДҮЗ-өөс тогтоосон байдаг. Энэ дагуу зайлшгүй үзүүлэх ёстой тусламж үйлчилгээ тасраагүй. Харин нэн яаралтай эмнэлэгт хэвтэх, эмчлүүлэх шаардлагагүйг нь хойш нь тавьж цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор томуугийн өвчлөл рүү анхаарлаа хандуулж байна.

Харин Монголд ямар өвчлөл давамгайлж байгаа, түүнийг эмчилдэг төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бодлогыг хэрэгжүүлэх нь зайлшгүй. Нөгөө талд нэн шаардлагатай бус тусламж үйлчилгээг багасгах бодлогын зохицуулалтыг хийх ёстой. Төр хийх ёстой ажлаа хийж байгаа.

Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах ажил эхэлсэн

-Өнгөрсөн хоёр жилд эрт илрүүлгийн аян улс орон даяар хэрэгжлээ. Энэ бодлогын “ирээдүй”-г, тогтолцоо болж хөгжих боломжийг хэрхэн харж байна вэ?

-Эрт илрүүлэг нь нярай ба хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломж олгодог нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой интервенц юм. Манай улсад сүүлийн 15 жил нярайн эрт илрүүлэг шинжилгээ хөгжиж байгаа боловч өнөөг хүртэл тогтолцоо бүрдээгүй. Олон улсын байгууллагын санхүүжилтэд тулгуурлан бодисын солилцоо, пульсоксиметрийн скрининг, түнхний эхо, сонсгол, нүдний уг дурандах шинжилгээний эхлэл тавигдсан боловч улсын хэмжээнд санхүүжилтийн тогтолцоо бүрдээгүй, хүний нөөцийн бэлтгэл, ажил үүргийн хуваарилалтаас болон техник тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлаас төдийлөн жигдрээгүй байна. Тиймээс бид  Монгол Улсад нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах үндэсний багийг бүрдүүлж, нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах ажил эхэлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас  хэрэгжүүлэх эрт илрүүлэг 2.0 арга хэмжээнд нярай-зорилтот бүлэгт чиглэсэн пульсоксиметр, сонсгол, нүдний уг дурандах, улаан рефлекс, түнхний эхо, хатаасан толбоны шинжилгээ, зулайн эхогоор нярайн эмгэгийг илрүүлэх үйл ажиллагааг нэгтгэн оруулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд пульсоксиметрийн төхөөрөмж хангагдах боломж бүрдсэн. Гүйцэт нярайн нүдний эмгэгийг илрүүлэх улаан рефлекс үзэх төхөөрөмж хангагдсан. Дутуу нярайн ретинопатийг илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан камераар хийх зөвшилцөлд хүрсэн. Манай яаман дээр журмыг шинэчилж, нярайн цогц эрт илрүүлгийн зааврыг боловсруулж байна. Нярайн эрт илрүүлгийн асуудлаар салбар дундын хэлэлцүүлгийг холбогдох байгууллагуудын удирдлага, тасгийн эрхлэгч, нярайн эмч,  орон нутгийн эмч нарын төлөөлөл, НҮБ-Хүүхдийн сан, Орбис олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа.

-Нярайн эрт илрүүлгийг бүрэн хэмжээнд нутагшуулахад салбар бэлэн болсон уу?

-Үндэсний хэмжээнд нярайн эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохын тулд эхлээд хүний нөөцийг бүрэн чадавхжуулах ёстой. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, бүртгэл мэдээллийн тогтолцооны бэлэн байдлыг хангана. Эмгэг илэрсэн нярайнуудад эмчилгээ хийх нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй бол тэрхүү тусламж үйлчилгээг Монголд нэвтрүүлэх талаар анхаарч ажиллана. Үүний дараа эрт илрүүлгийн дүн мэдээнд үндэслэн нийгмийн эрүүл мэндийн интервенц үндэсний хэмжээнд мэдээлэл, сурталчилгааны компанит ажил зохион байгуулах юм.

Ирэх оноос хөдөө орон нутгийн нэгдүгээр ангийнханд эрт илрүүлгийн үзлэг хийнэ

-Багаас нь эмчлэх, урьдчилан сэргийлэх бодлого ихээхэн чухал учраас нярайн эрт илрүүлгийг та онцоллоо. Цогцоор нь яаж төлөвлөж байна вэ?

-Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад жил бүр зургаан настнуудыг сургуульд элсэх үед нь эрүүл мэндийн цогц эрт илрүүлэг үзлэгт хамруулан хянадаг тогтолцоог бүрдүүлсэн буюу эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг сургуулийн орчинд авч хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэйг онцлон тэмдэглэсэн байдаг. Судалгааны үр дүнгээс харахад 3-5 насны хүүхдүүдийн 15-20 хувь, ахлах ангийнхны 75 хүртэлх хувь нь харааны асуудалтай̆  байна. Тиймээс эрт илрүүлэн харааны шил зүүлгэх эсвэл эмчлэх нь нэн чухал юм. 2024 онд харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн шинэчилсэн аргыг хэрэглэхэд үзлэгт хамрагдсан долоон настай хүүхдүүдийн 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байгаа нь тогтоогдсон.

Шүдний хувьд энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0-17 насны хүүхдийн 77.45 хувь нь шүдний цооролтой төдийгүй гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цоорсон байх жишээтэй. Амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт хангалтгүй буюу сүүлийн нэг сард шүдээ огт угаагаагүй ба нэгээс цөөн удаа угаадаг сурагчид 6.5 хувийг эзэлж байна. Таваас зургаан насанд байнгын хамгийн эхний шүд шүдэлдэг чухал үе тул энэ насанд амны хөндийн үзлэгт хамрагдах, эрдэсжүүлэх фторт түрхлэг түрхэх, байнгын шүдийг цоорлоос хамгаалах ховил битүүлэгч ломбо тавиулах, хүүхдэд шүд амыг арчлах, эрүүл ахуйг сахих, эрүүл мэндийн боловсрол олгох дадлыг суулгах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал. Сургуулийн насны хүүхдүүдийн эрүүл мэндийн суурь түвшинг тогтоох, эмгэгийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх нь чухал бөгөөд зүрхний эмгэгийн илрүүлгийн урьдчилан судалгаагаар тэдний 0.8-1 хувь орчимд зайлшгүй эмчлэгдэх шаардлагатай зүрхний эмгэг илэрсэн.

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг хийх удирдамж”-ийн дагуу нүд, шүд, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах цогц арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 40.263 хүүхэд хамрагдахаас энэ сарын эхний байдлаар 68.07 хувьтай байгаа төдийгүй хамрагдсан хүүхдийн 22.8 хувь нь зүрхний өөрчлөлттэй, 77.95 хувь нь шүдний өвчлөлтэй, 22.56 хувь нь харааны өөрчлөлттэй байна. Нүд, шүд, зүрхний үзлэгийн санхүүжилтийг ЭМДҮЗ-ийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолд заасны дагуу хэрэгжүүлж байна.

-Эрт илрүүлгийн тогтолцоо цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Ялангуяа, сургуулийн насныханд хэрхэн анхаарах вэ?

-Нийслэлд зохион байгуулсан эрт илрүүлгийн үзлэгийн санал зөвлөмжид үндэслэн, 2025 оноос хөдөө орон нутгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн суралцагчдад эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулна. Эрт илрүүлгээр өөрчлөлт илэрсэн суралцагчдын дараагийн шатны оношилгоо, эмчилгээ, хяналтыг хийнэ. Сургуульд суурилсан эрт илрүүлгийг 6, 12, 15 настнуудад хийх, үүнийг эрт илрүүлгийн үндэсний хэмжээний 2.0 арга хэмжээнд оруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Харин “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээний хүрээнд 6, 12, 15 настнуудаас бусад настнуудад эрүүл мэндийн үзлэгийг биеийн хэмжилт, сонсгол, харааг жил бүр үнэлж, эрт илрүүлгийн үзлэгийн хамт сургуульд суурилсан тандалтын тогтолцоог бүрдүүлэх нь илүү оновчтой, ирээдүйд үр өгөөжөө өгнө гэж харж байгаа.

Таван нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай

-Монголчууд сүүлдээ хорт хавдарын өвчлөлийн тооноос айж цочирдохоо ч болилоо. Гэвч бодит үнэн нь айл өрх бүр хавдартай тэмцэж, эрүүл мэнд эдийн засгийн дааж давшгүй хүнд ачааг үүрч байна. Цаашид яг яах вэ?

-Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 7244 шинэ тохиолдол, 4556 нас баралт бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, таван нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна. Манай улсад элэг, ходоод, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүү, хөх, уушгины хавдар зонхилж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдрын судалгааны агентлагаас хүн ам зүйн үзүүлэлтэд үндэслэж хийсэн тооцооллоор 2050 он гэхэд Монгол Улсад хорт хавдрын шинэ тохиолдлын тоо 2.5 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.

Өнөөгийн байдлаар хавдрын тусламж, үйлчилгээ Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрч, орон нутгаас Улаанбаатар хот руу эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Цаашид тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй үзүүлэхэд нийслэлд хавдар судлаач эмч 13, химийн эмч 12, хөнгөвчлөхийн эмч 7, орон нутагт  хавдар судлаач эмч 11, хими эмчилгээний эмч 15, хими эмчилгээний сувилагч 26 шаардлагатай байна. Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эмгэг судлал, молекул биологи, дүрс оношилгооны тоног төхөөрөмж улсын хэмжээнд дутагдалтай байна.

Засгийн газраас сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд халдварт бус өвчин, хавдрын хөтөлбөр, дэд хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлснээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 2019 онтой харьцуулахад 2023 онд  0,8 промилээр, хорт хавдрын хожуу үе шатандаа оношлогдсон хувь 2007 онд 78.3 байсан бол 2022 онд 67.7, хорт хавдраар оношлогдож, эмчилгээнд хамрагдан 5-с дээш жил амьдарч байгаа эмчлүүлэгчийн хувь 43,3 хувь болж нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан. Гэсэн хэдий ч хүн амын дундах архи, тамхины хэрэглээ өндөр, агаарын бохирдол, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хотжилт, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэрэг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Түүнчлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавх хангалтгүй байгаагийн улмаас иргэд Хавдар судлалын үндэсний төвд хандан тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, хавдрын тусламж үйлчилгээний хүлээгдэл буурахгүй байна. Тиймээс хорт хавдрын чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хянах чиглэлд иргэн, гэр бүл төдийгүй салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага гарсан.

Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа элэг, ходоод, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүү, хөх, уушгины хавдрын дэд ажлын хэсгүүд ажиллаж байна.

Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөрт хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэх, эмчлэх, хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор үе шаттайгаар хүний нөөцийг чадавхжуулах, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, зайн оношилгоог сайжруулах зэрэг цогц үйл ажиллагааг зургаан дэд төлөвлөгөөнд тусгасан. Үүнээс онцолбол, хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдрыг эрт илрүүлэх ажлын хүрээнд, 18-аас дээш насны хүн амыг элэгний хавдар,  40-с дээш насны хүн амыг ходоод, улаан хоолойн хавдар,  45-аас дээш насны хүн амыг бүдүүн-шулуун гэдэсний хавдар, 50-с дээш насны хүн амыг уушгины хавдар, 27-с дээш насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдар,  40-70 насны эмэгтэйг хөхний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж, эрт эмчлэхээр төлөвлөөд байна.

23 нэр төрлийн эмийг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн чанартай үйлдвэрээс хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн

- Эмийн чанар, үнийн асуудал үеийн үед хөндөгдсөөр ирсэн. Монголчууд чанаргүй эм хэрэглэж байгаа учраас өвчлөл буурахгүй байна гэдэг.

- Оношилгоо, эмчилгээг сайжруулаад байгаа боловч хэрэглэж байгаа эм, тарианы чанар, үнийг ярих, цогцоор нь шийдвэрлэх ёстой. Улсын хэмжээнд нэгдсэн хэлцэл хийгээд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн чанартай эмийн үйлдвэрүүдээс хямд үнээр оруулж ирэх бодлого хэрэгжиж эхлээд байна. Жишээлбэл, БНСУ-ын баталгаат үйлдвэрийн чихрийн шижин өвчний эм Монголын зах зээлээс 10 дахин хямд үнээр иргэдийн гар дээр очих боломж бүрдсэн. Цаашид манай улсын зах зээл дээр хэрэглэгдэж байгаа 4000 эм болон шаардлагатай хэрнээ орж ирдэггүй эмүүдийг чанартай, хямд үнээр авчирна.

Энэ хүрээнд миний бие энэ оны есдүгээр сард БНСУ-д ажиллахдаа тус улсын эм үйлдвэрлэгч  шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хэд хэдэн уулзалт хийсэн. Энэ үеэр ярьж тохирсон үйлдвэрүүдээс зүрх судас, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтэний эмгэгийн болон хавдрын хими эмчилгээний эмүүдийг Монгол Улсад нийлүүлэх хэлцлүүд амжилттай үргэлжилж байна.

Тухайлбал, БНСУ-ын Dongkoo Bio & Pharm Co.,LTD, Korea United Pharm Inc үйлдвэртэй таван нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариа, Chong Kun Dang Pharm, Hanmi pharm үйлдвэртэй дөрөв, Hanlim pharm Co., LTD үйлдвэртэй таван нэр төрлийн эм татан авахаар өнгөрсөн сард гэрээгээ байгууллаа. Одоогоор ЭМДС-гаас хөнгөлөлттэй олгох 16, Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэх 7, нийт 23 нэр төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах боломжийг бүрдүүлээд байна. Нэг эх үүсвэрээс авах эхний эмүүд болох Dongkoo Bio & Pharm эмийн үйлдвэрийн чихрийн шижин, артерийн даралт буруулах, цус шингэлэх таван нэр төрлийн эм Монголд ирж зах зээлд нийлүүлж эхэлсэн.

Харин Hanmi Pharm, Chong Kun Dang pharm, Hanlim pharm, Korea United Pharm үйлдвэрүүдийн эмийг энэ сард багтаан оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.

БНСУ-ын нэг эх үүсвэрээс худалдан авч буй эмүүдийн CIP үнэ нь ижил төрлийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн зохицуулалтын байгууллагатай улсын  эмийн үйлдвэрүүдийн нийлүүлж буй эмийн үнээс 15-92 хувь хямд байгаа. Мөн ЭМДС-гаас хөнгөлөлттэй олгох эмүүд нь иргэд төлөх  болон ЭМДС-гаас олгох санхүүжилтийг 50 хувь хүртэл бууруулах тооцоолол хийж байна.    
Монголд эмчлэх боломжгүй 25 өвчнийг бууруулахаар үндэсний 13 багийг сургана

-Монголд эмчлүүлж чадахгүйгээс эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа хүмүүс олон. Тэрхүү 20 гаруй төрлийн өвчинг хэзээ эх орондоо эмчлүүлэх вэ?

- Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Монголд эмчлэх боломжгүй 25 өвчнийг бууруулах зорилгоор 2024 онд өндөр хөгжилтэй улсад үндэсний 13 багийг сургахаар төлөвлөсөн. Тухайлбал, Турк улсад аутизмын хүрээний эмгэг, тархи, нугасны гүний төвөгтэй байрлалтай хавдрын мэс засал, Энэтхэгт нярайн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээ, БНХАУ-д зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээ, хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийн мэс засал эмчилгээ Тайваньд үр хөврөлийн удам зүйн оношилгоо, БНСУ-д нурууны хүнд хэлбэрийн мурийлтаар суралцаж байна.

Үндэсний 13 багаас чиглэл бүрээр Монгол Улсад тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай 163 нэр төрлийн 42.239.010.800₮ -ний тооцоололтой тоног төхөөрөмжийн жагсаалт гарсан. Зайлшгүй шаардлагаар Монголд эмчлэх боломжгүй өвчний улмаас иргэд хамгийн их эмчлүүлдэг БНХАУ, БНСУ, БНЭУ, БНТУ-ын эмнэлгүүдийн судалгааг гарган тухайн улсад Монгол иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, эмнэлгүүдтэй хамтран ажиллах нэгж байгуулах шаардлагатай талаар судалгаа гаргасан.

2024 онд 63 иргэн гадаад эмчилгээнд 11,023,653,621.65₮ зарцуулсан бөгөөд эрүүл мэндийг дэмжих сангаас 2,424,471,897.96₮ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын дагуу зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд олгодог санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой 2024 онд олгосон мөнгөн дүн өмнөх онтой харьцуулахад гурван дахин нэмэгдсэн. Нийт гадаад улсад эмчлүүлсэн иргэдийн 95 хувь нь БНСУ, БНЭУ, БНТУ, БНХАУ-д эмчлүүлсэн байна.

-Ирэх оны төсөв нэлээн танагдлаа. Салбарынхаа төсвийг хэр хамгаалж хэдэн хувьтай батлуулав?

-Алдагдалгүй төсөв батлах Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор ихэнх салбарын төсвөөс нэлээн хасагдлаа. Гэхдээ эрүүл мэндийн салбар онцлогтой. Тийм ч учраас Сангийн яамнаас эхлээд Ажлын хэсгүүд, УИХ-ын гишүүд хүн ардын эрүүл мэндтэй холбоотой бодлогыг хэрэгжүүлэхийг ойлгож, дэмжсэний хүчинд хасагдах биш одоо үйл ажиллагаа явуулж байгаа ХСҮТ-ийг өргөтгөж тусламж үйлчилгээг сайжруулахад шаардлагатай 23 тэрбум төгрөгийг нэмүүлсэн. Мөн “Хавдар судлалын үндэсний төв-2”-ийг барьж эхлүүлэхээр боллоо.

Ирэх оны төсвийн гол онцлог бол Эрүүл мэндийн даатгалын сангийн 218 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан. Үүнтэй зэрэгцээд даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой зөв болгож хүний оролцоо багатай хяналтын системийг бий болгох ёстой. Ингэж байж иргэнээ эрүүл мэндийн асуудлаас болж санхүүгийн эрсдэлд орохоос хамгаална.

-Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хагас жил боллоо. Мөн таны хувьд олон нийтийн шүүмжилдгээр “давхар дээлтэй” ажиллаж байна. Давуу, сул талыг хэрхэн мэдэрч байна вэ?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллана гэдэг онцлогтой. Мэдээж ажлын ачаалал маш өндөр. Ялангуяа, яамны ажлын гүн рүү орохын тулд аппаратаа маш сайн удирдах, хүний нөөцийн чадавхаа сайжруулах шаардлагатай. Үүнд онцгой анхаарчихвал ерөнхийдөө ажлаа төлөвлөж, хянаад явахад асуудал бага гарна.

УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллахын давуу тал олон. Салбарыг хөгжүүлэх, хийж хэрэгжүүлэх бодлогоо парламентад танилцуулах, хуулиа ойлгуулж батлуулах, хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүний хувьд давуу тал олонтой.

-Утаа гэхээр эрүүл мэндийн салбар руу “хардаг”. Яам утаатай тэмцэх ажлыг хийж байна уу?  

-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг судалж бодлогын арга хэмжээ авч байна. Ард иргэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх вэ гэдэгт түлхүү анхаарч байна. Энэ жил томуу, томуу төст өвчний өвчлөл өндөр байгаа нь агаарын бохирдол тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Энэ мэтээр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг хэрхэн бууруулах, хүндрэл чирэгдэл багатайгаар эмчлэх вэ гэдэгт салбар тэр чигтээ анхаарч цаг алдалгүй арга хэмжээ авч байна. Ялангуяа, хүүхдийн эмч сувилагч, мэргэжилтнүүд маань өдөр шөнөгүй зүтгэж байгаа ч ачаалал өндөр, ард иргэд бухимдалтай байгаа. Бид чадах чинээгээрээ ажиллаж хийх ёстойгоо хийж байна. Түүнээс биш сайжруулсан түлшний технологи, яндан цөөлөх, орон сууцжуулах бодлого манай үндсэн чиг үүрэгт хамаарахгүй. Холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юм билээ.

-Ерөнхийлөгчид зөвлөж байхдаа “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрөөс эхлээд нийгмийн эрүүл мэнд рүү чиглэж ажилласан. Энэ ажлаа яамны бодлоготой хэрхэн уялдуулж байна вэ?

-Хүн ардыг эрүүл байлгах бодлогыг салбарын яам цогцоор нь хийх ёстой. Ерөнхийлөгчийн институцэд ажиллаж байхдаа нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх, өвчин үүсгээд байгаа шалтгаан нөхцлийг арилгах бодлого учир дутагдалтай байна гэж үзэж энэ чиглэлд онцгой анхаарлаа. Энэ ч утгаараа Монгол хүн эрүүл байх тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа өвчлөл буюу архи, тамхины хэрэглээг багасгах бодлогыг Ерөнхийлөгчийн манлайлал дор хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Эдгээр бодлогыг салбарын яамтай уялдуулж авч явах ёстой. Бидний дараагийн анхаарах зүйл бол дутуу төрөлтийг багасгах, эрүүлжүүлэх, шалтгааныг нь арилгах юм. Энэ бүхнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамын бодлого шийдвэр “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөртэй уялдаад явах юм.