Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүрээнд эмэгтэй парламентчдын чуулганыг “Эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдвээр өнөөдөр (2024.11.04) зохион байгууллаа. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнгийн статистик тоон үзүүлэлтээр “Өөрчлөлтийн зүгт” үзэсгэлэн гаргаж, Монгол улсын шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүдийн үүрэг, оролцоог харуулсан түүхэн гэрэл зураг, эмэгтэйчүүдийн эрхтэй холбогдох олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомж, үйл явдлыг дэлгэн үзүүлсэн байв.
Манай улс 100 жилийн өмнө баталсан Үндсэн хуулиндаа эрэгтэй, эмэгтэй ялгалгүй сонгуульд оролцож, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан Ази тивдээ анхдагч болсон түүхтэй. УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд шинэ тогтолцоогоор явуулахдаа нийт мандатын 30 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан нь Зүүн Азийн бүсэд анх удаа шийдвэр гаргах түвшинд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан томоохон алхам болсон хэмээн чуулгад оролцогчид онцоллоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, 126 гишүүнтэй анхны парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Эмэгтэй парламентчдын зөвлөлийг байгуулсан тухай дурдаад, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад анхаарч ажиллах шаардлагатай. Ирэх дөрвөн жилд шинэ үеийн парламентын эмэгтэй гишүүдийн манлайлал, идэвх санаачилга, олон талт хамтын ажиллагааны үр дүнд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ил тод, нээлттэй, хүртээмжтэй, ёс зүйтэй, хариуцлагатай парламентыг төлөвшүүлж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.
Дашрамд сонирхуулахад, УИХ-ын есөн удаагийн сонгуульд нийт 734 гишүүн сонгогдон ажилласнаас 97 нь эмэгтэй байна.