УИХ-ын даргын зөвлөх, хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэлтэй ярилцлаа. "Боннын Алтангэрэл" хэмээн салбартаа танигдсан тэрбээр “Монгол Улс ба гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, үүргийн тэнцвэрийг хангах нь” сэдвээр докторын зэрэг хамгаалаад байна.
-Докторын зэрэг хамгаалсанд тань баяр хүргэе. Хамгаалсан сэдвийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Баярлалаа. Эрдэм шинжилгээний ажил гэж уншдаг, шинжилдэг, бичдэг, боддог оюун санааны цаг хугацаа байх юм. Энэ замаар явах нь үнэндээ таалагдсан, гэхдээ сорилт зөндөө л байлаа. Докторын диссертациа “Монгол Улс ба гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, үүргийн тэнцвэрийг хангах нь” сэдвээр бичлээ. Энэ сэдэв нь олон улсын эдийн засаг, геополитик, аж үйлдвэрлэгчид, хил дамнасан компаниуд, хөрөнгө хүлээн авагч, голдуу хөгжиж буй, түүхий эд гаргагч улс орнуудын эрх ашгийн огтлолцол дээр оршдог. Анх АНУ, Европ зэрэг барууны улс орон эрх ашгаа, тэр дундаа өмчийн эрхээ, олон улсын эрх зүйгээр хамгаалах шаардлагаас үүссэн. Олон улсын эдийн засгийн эрх зүй нь дэлхийн түүхийн алдаа, оноотойгоо шууд холбогдож байдаг. 1990-ээд онд ЗХУ задран унаснаар олон улс гүрнүүд шинээр үүсэхийн сацуу, тэдэнд болон бусад постсоциалист оронд, тэр дундаа Монгол Улсад ч асар их мөнгөний хэрэгцээ бий болсон. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын хойноос дэлхийд уралдаан өрнөж, бүгд аль болох таатай нөхцөлийг өөрийн нутаг дэвсгэртээ бий болгож, үүнийгээ олон улсын гэрээ, хэлэлцээрээр бэхжүүлсэн. Монгол Улс арван жилийн богино хугацаанд олон болон хоёр талт (44 хэлэлцээр) олон улсын гэрээ байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтын бие даасан хуультай болсон. Өдгөө үүнийг Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэрлээд явж буй. Дээрх олон улсын гэрээнүүдийг харвал хөрөнгө оруулагч тал нь олон тооны эрх эдлэхээр, харин Монгол Улс гол төлөв үүрэг хүлээхээр байгаа нь судалгаагаар харагдсан. Учир нь тэр үеийн гэрээ, хэлэлцээр нь бүгд л тийм байсан. Дэлхийн чиг хандлага ч тийм байсан. Харин 2000 оноос дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөж, хуучин хөрөнгө оруулалт татахыг хүсдэг байсан томоохон улс орнууд өөрсдөө хөрөнгө оруулагч үндэстэн болсон нь БНХАУ, Энэтхэг, Индонези, Бразил зэрэг болно. Үүнээс гадна НҮБ-ын зүгээс тогтвортой хөгжлийн зорилтуудыг тунхагласан. Энэ чиг хандлага нь хөгжиж буй улс орнуудын хувьд эерэгээр нөлөөлж эхэлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчийн шаардлагыг ямар ч хэлэлцээргүйгээр шууд хүлээн авах бус, харин үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрх гэсэн шүлтүүрээр харах, нийтийн эрх ашгийн үүднээс төрийн гаргасан шийдвэрийг буруутгахгүй байх чиг хандлага олон улсын гэрээ, хэлэлцээр болон арбитрын практикт бий болсон.
-Энэ чиг хандлага нь Монгол Улсад хэрхэн тусав. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчилж чадсан уу?
-Монгол Улсын хувьд өмнө дурдсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн ихэнхийг нь өөрчилж чадаагүй. Шинэ үеийн цөөн тооны хэлэлцээр байгуулснаас дурдвал Канад улстай Хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр болон Япон улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээг дурьдаж болно. Олон улсын гэрээ хэлэлцээрээ өөрчилж чадаагүй тул дотоодын хууль тогтоомжоор үүнийг засахыг бага зэрэг оролдсон. Гэхдээ хууль хэрэглээний эрэмбэ талаасаа олон улсын гэрээ дотоодын хуулиас давуу байдгийг энд хэлье. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого юм. Үүнд нарийн судалгаа, тооцоолол, төрийн уураг тархи, залгамж чанар ажиллах ёстой юм билээ. Учир нь энд эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрх, урт хугацаа талаас харах, олон улсын болон дотоодын нөхцөлийг үнэлэх, хөрөнгө оруулагч болон төрийн эрх ашгийг үүднээс хандах, эцэст нь, эрх зүйгээр зөв зохистой залах тухай нарийн арга ухаан юм. Дэлхийн дээрх чиг хандлагаас харвал Монгол Улс өөрийн эрх ашгаа олон улсны эрх зүйн хэрэгслээр дамжуулан илүү дээшлүүлэх, уул уурхайн туршлагатай тоглогчийн хувьд өөрийн дуу хоолойг дэлхийд хүчтэй гаргах, олон улсын эрх зүйд нөлөөлөх зэргээр ажиллах боломжтой. Иймд судалгаагаа нэг талаас төр, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг хэрхэн тэнцвэртэй болгох вэ гэсэн өнцгөөс хийсэн гэж хэлж болно. Ингэхдээ гурван эх сурвалжийн хүрээнд авч үзсэн нь олон улсын гэрээ, дотоодын хууль, мөн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг юм. Хөрөнгө оруулагчийн гол сонирхол нь өмчөө хамгаалах, ашиг орлого олох бол төрийнх хүний эрх, ажлын байр, байгаль орчин, хөгжлийн зорилтууд байдаг. Эдгээр нь хоорондоо зөрчилддөг эрх ашиг ч харилцан ашигтай байх хувилбарыг бий болгох нь орчин цагийн эрх зүйн үүрэг юм. Гадаадын хөрөнгө оруулалт нь тухайн улсдаа олон талын ач холбогдолтой гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ бас сул талууд байдаг. Тэр нь ялангуяа төрийн засаглал, чадавх муу, авлигын түвшин өндөртэй улс оронд эрсдэл ихтэй. Тэрийг нь хууль, бодлогоор зөв залж, зохицуулах нь чухал.
-Та Монгол Улсын Засгийн газрын татагдсан хэд хэдэн арбитрын маргаанд оролцсон. Энэ тухайгаа судалгаандаа хэр тусгасан бэ?
-Монгол Улсын олон улсын арбитрын маргаанд оролцсон хэргүүдийг судлаачийн байр сууринаас буюу төв байр сууринаас авч үзсэн нь шинэ туршлага болсон. Эдгээр хэрэг маргаан нь материаллаг эрх зүйн болон процессын талаасаа судлаач, оюутнуудад сонирхолтой, бас Монгол Улсын хувьд сургамжтай тул судлан бичье гэж бодсон.
-Та судалгаагаа үргэлжлүүлэх үү. Цаашид юунд илүү төвлөрөх бодолтой байгаа вэ?
-Судалгаа хийх явцад нэг зүйл бодогдсон. Чөлөөт, аюулгүй, хил дамнасан худалдаа, арилжаа нь хөгжлийг тэтгэдэг хүчин зүйл. Үүнийг тэртээ 13 дугаар зуунд бидний өвөг дээдэс Их Эзэн Чингис хаан суу билиг оюунаараа харж, Евразийн хамгийн том, аюулгүй худалдааны зам болох Торгоны замыг бий болгож байсан түүхтэй. Үүний дараагаар Британий эзэнт гүрэн, өдгөө АНУ гээд дэлхийн эдийн засгийн түүхийг бүтээж байна. Монголын эзэнт гүрний үед энэ худалдааны замыг илүү цэргийн хүчээр хамгаалж байсан бол өдгөө хууль, эрх зүйгээр хамгаалагдаж байна л даа. Дэлхийн эдийн засгийн, даяаршлын, эрх зүйн нэгэн зууныг монголчууд бүтээж байсан түүх нь дараачийн судалгааны нэг сэдэв байгаасай гэж өөртөө хэлж, зоригжуулж сууна.