Өнгөрсөн бямба гарагт эх нутгаасаа зугтаж гарсан Венесуэлийн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалесийн улс төрийн орогнол хүссэн хүсэлтэд Испани улс зөвшөөрсөн хариу өгчээ. Тэрээр долдугаар сарын 28-нд болсон Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах үймээн самууны үеэр Каракас дахь Испанийн Элчин сайдын яаманд нуугдаж байсан юм. Эхнэрийн хамт Мадрид дахь Торрехон де Ардоз цэргийн баазад бямба гаргийн үдэш газардсан Гонзалес тэр дороо мэдэгдэл гаргаж, эх орноо ардчилсан засаглалтай болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэхээ амласан байна.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро ялсан гэх ч тус улсын сөрөг хүчин болон олон улсын ажиглагчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин Мадуро сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсагчдыг удаа дараа албадан тарааж, өрсөлдөгч Гонзалесаа баривчлах тушаал гаргажээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадогийн мэдэгдсэнээр Мадурогийн засаглалыг эсэргүүцэгч нэр нөлөөтэй зургаан хүний амь нас эрсдэлд орсон тул бүгд Каракас дахь Аргентиний Элчин сайдын яаманд нуугдаж байна. Харин Венесуэлийн Гадаад хэргийн сайд тэднийг террорист халдлага үйлдэхээр завдаж байна хэмээгээд Элчин сайдын яамны байрыг бүслэлтэд авчээ.