УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхлэв. Төслийн талаар нэгдсэн хуралдаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Эдийн засаг, бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн үндсэн дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал, үүнд Монгол, Францын хамтарсан ураны төсөл бий. Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр улсын эдийн засаг 2025 онд найман хувиар өсөж, экспорт 19 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, инфляц зорилтот түвшинд хадгалагдана хэмээн тооцжээ.
Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5.2, гадаадын зээл, тусламжаар 4.2, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 4.1, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.1, бусад эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэх гэнэ. Мөн Хуримтлалын санд энэ онд 490, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах аж. Үүн дээр арилжааны банкууд болон Монголбанкнаас эх үүсвэр нэмснээр 2025 онд ипотекийн зээлийн 1.3 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болохоор тооцжээ. Ипотекийн зээлийн 50 хувийг нийслэлд, гэхдээ төвөөс алслагдсан орон сууцуудад олгох гэнэ. Харин үлдсэн 50 хувийг орон нутагт олгох бодлого баримтлах аж.