Интермед эмнэлэг 230 гаруй мянган үйлчүүлэгчийнхээ эрүүл мэндийн буюу эмзэг мэдээллийг хакердуулсан мэдээлэл нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Тодруулбал, "Space Bears" хакерын бүлэглэл "Intermed Hospital Mongolia" -г хакердсан гэдгээ мэдэгдсэн тухай Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг HACKMANAC мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын зарим гишүүн Интермед эмнэлэг аравдугаар сарын 27-ноос өмнө үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсан байж болзошгүй байна гэсэн мэдээллийг өгсөн бол эх сурвалжийн хэлж буйгаар аравдугаар сарын 26-нд хакерт өртжээ.
Өөрөөр хэлбэл, Интермед эмнэлэг хакердуулсан гэх мэдээлэл цацагдаж аравдугаар сарын 9-нд мэдэгдэл гаргасан гэж үзвэл үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг алдсанаас хойш 14 хоногийн дараа буюу цахим орчинд цацагдсанаар мэдсэн үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 18 хонож байхад тодорхой арга хэмжээ аваагүй, мэдээлэл өгөхөөс цааргалсаар байна. Өөрсдийгөө өмөөрч хамгаалсан мэдэгдэл гаргахаас хэтэрсэнгүй.
Гэтэл “Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар хэрэв Интермед эмнэлэг хүний эмзэг мэдээллийг алдсан бол тухайн иргэнд нэн даруй мэдэгдэх, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй ч үүнийгээ зөрчсөн. Зөвхөн цахим орчинд энэ талаар мэдээлэл гарсны дараа л эмнэлгийн зүгээс бодит байдлыг үгүйсгэсэн мэдэгдэл гаргах төдийхөн байгаа нь харамсалтай байна. Тус эмнэлгийн удирдлагад хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл авахаар хандлаа” гэдгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлсэн.