Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн албан хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь заалтын нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж Цэц үзэж, энэ оны тавдугаар сарын 22-нд 02 дугаар дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг УИХ хэлэлцээд, 60 дугаар тогтоол гаргаж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж шийдвэрлэсэн тул Цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэх их суудлын хуралдааныг энэ сарын 27-ны 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийхээр товложээ.