Хятадын эрх баригчид энэхүү өөрчлөлтийг ирэх нэгдүгээр сараас эхлэн бага багаар хийхээ мэдэгдлээ. Тус улсын эмэгтэйчүүд ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан өдгөө 50-55 насандаа тэтгэвэрт гарч байгаа бол ирэх оноос 55-58 насандаа гавьяаны амралтаа эдэлж эхлэхээр болж байна. Харин эрчүүдийн тэтгэврийн насыг 60-аас 63 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хятад улс тэтгэврийн нас нь дэлхийд хамгийн доогуур гэгдэх орны нэг юм.

Шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжих шинэ хуульд зааснаар тэтгэврийн насыг ирэх 15 жилийн хугацаанд хэдэн сар тутамд сар сараар нэмэх гэнэ. Мөн үүнтэй хамт тэтгэврийн насныхан тэтгэвэр тэтгэмж хүртэхийн тулд нийгмийн хамгааллын салбарт тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан байх ёстой гэсэн шинэ хууль 2030 оноос мөрдөгдөхөөр болжээ. Харин тэтгэврийн мөнгө авч, нийгмийн халамжид хамрагдахын тулд дор хаяж 20 жил нийгэмд тустай ажил хийсэн байх ёстой гэсэн хууль 2039 оноос хэрэгжих аж.

Ирэх 10 жилд 300 сая орчим хятад иргэн тэтгэвэртээ гарна гэсэн тооцоо бий. Энэ нь Америкийн нийт хүн амтай тэнцэхүйц тоо бөгөөд тэтгэврийн насанд өөрчлөлт оруулахгүй бол Хятадын тэтгэврийн сан 2035 он гэхэд хоосрох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.