Энэ оны дөрөвдүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 5637 шинэ хоршоо байгуулагдаж, 58000 малчин хоршооны гишүүнээр элсжээ. Үүнээс одоогийн байдлаар нийт 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч тодотгов.

Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийн бас нэгэн зорилт гэдгийг онцолсон юм.