Лаэл Уилкокс хэмээх 38 настай америк эмэгтэй нийт 108 хоног, 12 цаг, 12 минутад унадаг дугуйгаар дэлхийг тойрч; хамгийн богино хугацаанд дэлхийг дугуйгаар тойрсон эмэгтэй болжээ. Тэрээр Чикаго хотоос гарч, нийт 29 мянга 169 км зам туулан, Чикаго хотдоо орон нутгийн цагаар өчигдөр оройн 21:00 цагт орж ирсэн байна. Түүнээс өмнө Шотландын Женни Грэм 2018 онд 124 хоног, 11 цаг дугуйгаар дэлхийг тойрч, дээд амжилтын эзэн болж байжээ.
Уилкокс өдөрт дунджаар 14 цаг дугуйгаа унаж, нийт 21 орны нутгаар дамжин замаа туулсан нь мөн өдөрт хамгийн олон цаг дугуйгаар явж, дэлхийг тойрсон гэсэн тодотголтойгоор Гиннесийн дээд амжилтаар бүртгэгдэхээр байна. Учир нь холын зайн дугуйчид өдөрт 10-аас олон цаг дугуй унах нь ховор байдаг аж. Гэхдээ Уилкокс дэлхийг хамгийн богино хугацаанд дугуйгаар тойрсон эмэгтэй гэсэн алдраа Энэтхэгийн дугуйчин Веданги Кулкарнид удахгүй алдаж мэдэх юм. Кулкарни дэлхийг тойрох аяллынхаа 65 дахь өдөртөө яваа бөгөөд аяллаа 110 хоногт багтаан дуусгах зорилготой байгаа аж.