Шинэ жилийн баярын бүх нийтийн амралт дуусаж, 2025 оноо урам зориг дүүрэн эхлүүлэх гэсэн хүмүүс энд тэндгүй. Харин Төрийн ордон эл хуль, хууль тогтоогчдоос хуруу дарам хэдхэн хүн өрөө, тасалгаандаа морилж. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хэлэлцэх асуудлыг нь харвал Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаанаас өөр “зоосон” зүйл өчигдөр байсангүй. Өнөөдөр ч бас нэгэн ажлын хэсгийн хурлаас өөр зүйл алга. Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх судалгааны багийн гишүүдтэй уулзалт хийх юм байна.
Үндсэндээ ингээд шинэ оны эхний долоо хоног шувтрах нь. Энэ удаагийн парламентын эхний ээлжит чуулган ч өндөрлөх нь. Нэгдүгээр сарын дундуур буюу арваад хоногийн дараа намрын чуулганыг хаах сурагтай.
Ерөнхийдөө хууль тогтоогчид хэлэлцэх асуудалгүй байгаа учраас хийх ажилгүй суугаа гэж хэлж болно. Уг нь Ч.Лодойсамбуу нарын гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Гишүүн Э.Батшугарын боловсруулсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл үүнээс ч өмнө спикерийн гар дээр ирээд буй. Засгийн газраас ч цөөнгүй төсөл өргөн бариад байгаагаас дурдвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах, Польш улсад суух Элчин сайдаар Н.Оюундарийг томилох талаар зөвшилцөх санал гэх мэтээр нэрлэж болно. Эдгээрийг болон хэлэлцүүлгийн шатанд байгаа өөр бусад төслийг ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулан, эрхэм гишүүдийг хийх ажилтай, суух хуралдаантай байлгах, эсэхийг өнөөдөр буюу баасан гараг бүр болдог УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас шийдэх биз ээ.
Үнэндээ үүнийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл биш, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шийднэ.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлж буй УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байхаар хуульчилсан агаад чуулган нь нэгдсэн, байнгын болон дэд, хянан шалгах түр хороо, парламент дахь нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүд ээлжит болон ээлжит бус чуулганы үед хуралдаж л байвал ажлаа хийж буй нь тэр.
Иймд УИХ-ын гишүүдийг хийх ажилтай, хэлэлцэх асуудалтай, ирц бүртгүүлэх хуралдаантай байлгаж хайрла, Д.Амарбаясгалан дарга аа.
Ер нь бол энэ удаагийн ээлжит чуулганаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлого гэх мэт жил бүрийн намар хэлэлцдэг, батлах хугацааг нь хуулиар тогтоосон бодлогын баримт бичгээс өөрийг дараалалд оруулаагүй. Харин ч УИХ-ын баталсан улсын төсөвт Төрийн тэргүүн хориг тавьж, түүнийг нь хууль тогтоогчид хүлээн аван, дахин хэлэлцсэнээр гишүүдэд хэрэндээ ажил удсан болов уу. Үүнээс гадна Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг эцэслэсэн. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, өөр бас бус хууль, тогтоол батлав. Одоо алх цохиход бэлэн болсон шахам Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих болон Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах арга хэмжээний тухай гэх мэт хууль, тогтоолын төсөл мэр сэр бий.