Австралийн цагдаа нар Брисбан хотын цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн сарын 31-ний өдөр есхөн сартай нярай хүүхэд дээр санаатайгаар халуун кофе асгасан гэмт этгээдийг олон улсын мөрдөгчидтэй хамтран эрэн сурвалжилж байна. Гэмт хэрэгтэн тэр дороо хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг Австралиас хэдийн гарч явсан гэж таамаглаж байгаа аж. Бяцхан хүүгийн нүүр, хоёр гар түлэгдэж; бие нь сайнгүй байгаа авч цэцэрлэгт хүрээлэнд ойрхон сууж байсан сувилагч эмэгтэй азаар хүүд анхны тусламж үзүүлсний ачаар санаснаас хавьгүй дээрдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн хагалгаанд ороод байгаа бол нүүрнийх нь арьсыг нөхөн сэргээхэд олон жил шаардагдана гэж эмч нар үзжээ.
Цагдаа нар гэмт этгээдийг 33 настай гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ аль улсын харьяат болох, хаашаа зугтсан байх магадлалтайг нь мэдэж байгаа тул олон улсыг хамарсан мөрдлөг явуулж байгаа аж.