Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэлэлцүүлэг нийгмийн харилцаанд оролцогч талууд, нийгмийн түнш байгууллагуудын дунд ид өрнөж байна. Ийн олон талт хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж буй аж. Хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар судлаач, зөвлөх Ц.Отгонтунгалагтай ярилцлаа.
-Та Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэх судалгааны зөвлөхөөр ажиллалаа. Хэрэгцээ шаардлагыг хэрхэн харж байна вэ?
- Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагын тандан судалгаа хийгдэх ёстой байдаг. Энэ дагуу судалгааг Засгийн газраас олон улсын хөдөлмөрийн байгууллагад тавьсан хүсэлтийн дагуу техникийн үндэсний зөвлөхөөр ажиллалаа.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай 1991 оны хуулийг нэр томьёоноос эхлээд шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Тэр дундаа хуулийн хэрэглээ нэлээн хуучирсан гэсэн дүгнэлт гарсан. 1991 оноос хойш батлагдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын үндсэн хэрэглэгдэж байгаа хууль тогтоомжууд ялангуяа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой ойлголт их өөрчлөгдсөн. Шинэлэг нэр томьёо, бүтэц олноор бий болж байна.
Үйлдвэрчний эвлэлийн эвлэлдэн нэгдэх эрх Монгол Улсын иргэдийн хувьд харьцангуй нээлттэй. Мөн гэрээ хэлэлцээ байгуулах, ажил хаялт зохион байгуулах зэрэг үндсэн эрхүүдийг нэлээн сайн баталгаажуулсан гэдгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дүгнэдэг. Харин хэрэгжилтийн явцад нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс төрийн албан хаагч, хувийн хэвшил, албан бус салбарт ажиллагсад гээд хөдөлмөрийн зах зээлд оролцогчдын хүрээг тухайлж авч үзвэл эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хэлэлцээртэй холбоотой эрхийн зарим нэг хязгаарлалт бий. Тухайлбал, эвлэлдэн нэгдэх, ажил хаялт зохион байгуулах, жагсаал цуглаанд оролцох, үгээ хэлэх эрх төрийн албан хаагчдын хувьд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зарчмаас өөрөөр авч үзсэн, хориглосон зүйл заалтуудыг оруулсан байдаг.
-Тодорхой хэлбэл, аль салбарт ажиллагсчдын эрх хамгийн их зөрчигдөж байна вэ. Олон улсын гэрээ конвенцид хэрхэн авч үздэг вэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын буюу Монгол Улс нэгдэн орсон конвенциуд бий. Эдгээрийг Монгол Улс үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд авч үзвэл хэн нэг бүрийн эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй байх ёстой. Ингэхдээ зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд хуулийн тодорхой хязгаарлалтыг тавьж байгаад ажил хаялт зохион байгуулж болно. Энэ шалгуураар аваад үзвэл зарим төрийн албан хаагч хоорондоо ялгаатай. Хувийн хэвшилд ажиллагсад ч анхаарах зүйлс бий. Албан бус салбарт ажиллагсад буюу хэн нэгэнд хөлслөгддөггүй, өөртөө ажлын байр бий болгож эргээд төрийн хууль тогтоомж, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлаас ангид байдаг. Энэхүү албан бус салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаа төрийн болон бусад холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх үндсэн гарц нь эвлэлдэн нэгдэх гэрээ хэлэлцээр байгуулах эрх гэж дэлхий нийтээрээ харж байна. Гэтэл эвлэлдэн нэгдэх гэрээ хэлэлцээр байгуулах эрхээ эдлэхдээ хэнд үүрэг болгож, хэнтэй гэрээ хийж, хаанаас шаардах вэ гэдэг бүтэц тодорхойгүй байна.Өөрөөр хэлбэл, олон жижиг асуудлыг шийдэх гарцыг нээж, бүтцийг чухалчилж бүтээж өгч чадахгүй бол тухайн салбарт ажиллагсад ажлын байран дээрээ л бухимдаад байхаас биш саналаа нэгтгэж асуудлаа нээлттэй тавьж шийдүүлэх үндсэн эрх нь сул, хаалттай байна гэсэн үг.
Ер нь бол Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнууд хүний эрхийн хамгаалагч, дэмжигч, сурталчлан таниулагчид байдаг. Хүний эрх зөрчигдсөн аливаа үйл ажиллагааны төлөө тэмцдэг бүлэг хүмүүс гэж ойлголж болно. Харин үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь үр дүнтэйгээр сэргээх бүтцийг сайжруулах хэрэгцээ шаардлага манай улсад бий. Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн шударга бус харилцааг хориглох өөрчлөлтийг оруулсан нь сайшаалтай. Судалгаанаас харвал байгууллагууд 20, 50-аас дээш ажилчинтай болж эхэлбэл үйлдвэрчний эвлэл байгуулах хандлага давамгайлж хамтарсан ашиг сонирхол гарч ирдэг. Асуудлаа хамтарч шийдвэрлэх ёстой гэсэн хэрэгцээ шаардлага бий болдог. Гэтэл ажил олгогчид шууд болон шууд бусаар эсрэг ажиллаж эхэлдэг. Энэ тохиолдолд хэн нэгний буруу гэхээс илүү үйлдвэрчний эвлэл юмуу ажилчдын төлөөлөл байхгүй бол хөдөлмөрийн харилцааны удирдлага ганцаарчилсан шинж чанартай болох гээд байх талтай.
Асуудлыг эзний үзэмжээр засаж залруулах хандлага давамгайлдгийн нэг жишээ бол байгууллагын дотоод журам шүү дээ. Гэтэл хөдөлмөрийн харилцаа бол ганцаарчилсан болон хамтын шинж чанартай байх ёстой. Ингэж байж хөдөлмөрийн харилцааг бүхэлд нь харж зохицуулж чадна. Ер нь шударга бус харилцаа гэдэг нь цаад утгаараа хамтын ажиллагааг үгүйсгэх хандлагатай.
Энэ нь үйлдвэрчний эвлэлийн харилцааг үгүйсгэх, нөлөөлөх, хараа хяналтад байлгахыг зорих зэргээр хамтын ажиллагааг үгүйсгэдэг. Хөдөлмөрийн шударга харилцааны төлөө явж л байгаа бол эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны эрхийг хамгаалах, сайжруулах ёстой.
-Зарим төрлийн төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж чадахгүй байна гэдгийг та дурдлаа. Энэ нь бидний нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудыг зөрчдөг гэж ойлголоо. Зөрчлийг арилгахын тулд ямар байдлаар засаж сайжруулах вэ?
-Төрийн захиргаа, төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй. Харин төрийн тусгай албан хаагчдынх хязгаартай буюу хориглосон байдаг.
Тухайлбал, шүүхийн шийдвэр, цагдаа, АТГ, тагнуул зэргээр нэр бүхий салбарыг Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байхыг хориглосон хууль журам бий. Эдгээр ажилчид эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж чадахгүй байна. Гэтэл энэ нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцитой зөрчилдөж байгаа учраас өөрчлөх шаардлагатай.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гурван конвенц бий. Эдгээр конвенциудын тогтоосон зарчмыг Монгол Улс Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг шинэчлэхдээ баталгаажуулж, ямар нэг зөрчилгүйгээр сайжруулж тусгах шаардлагатайг Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас мэдэгдэж байгаа.