Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол-Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг сайшааж, үндэсний хөгжлийн зорилтуудаа хангахад манай улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тус яамны уламжлалын дагуу хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Элчин сайд Аксель Никэйзид Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгалаа. Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсын төр, засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.