Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад дүүжин замын тээвэр, метро, төмөр замын доогуур нүхэн гарц барих төсөл, тусгай замын автобус (BRT), трамвай, туулын хурдны зам болон шинэ тойрог зам бүхий томоохон төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ хариуцан ажиллаж байгаа юм.
Тэгвэл байгаль орчинд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй тээврийн системийг бий болгоно хэмээн тодотгож, бүтээн байгуулалтын ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөөд буй Cable car буюу Дүүжин тээврийг онцлон танилцуулж байна. Дүүжин замын тээврийн төсөл нь БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа бөгөөд эхний шугам нь Яармагийн Арцатаас Өнөр хороолол хүртэл 4.2 км урт, 7.5-42 метрийн өндөртэй 19 тулгуур багана, 2 буудалтайгаар баригдана. Оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, 10 хүний багтаамжтай 98 кабинтай. Кабинууд секундэд 6 метр буюу 22 км/цагийн хурдтайгаар зорчиж, хоёр буудлын хооронд 11 минут зарцуулна гэж тооцжээ.
Дүүжин тээвэр нь сүлжмэл 216 ширхэг багцаас бүрдэх ган татлагатай, нэг багц нь 36 утастай бөгөөд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байх юм. Мөн эрчим хүчний аюулгүй байдал талаасаа нөөц генератортой. Тог тасарсан тохиолдолд нөөц генератор ажиллаж, зорчигчдыг 1 м/сек хурдтайгаар буудалд аюулгүй хүргэнэ.
Техникийн үзүүлэлт:
• Тулгуур багана: HRB500E арматураар хийгдэж, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Тулгууруудыг 9-15 метрийн гүнд суурилуулах бөгөөд Туул голын орчимд байрлах тулгууруудад усны хамгаалалтын тоноглол нэмэлтээр хийнэ.
• Ган татлага: Сүлжмэл 216 ширхэг багцаас бүрдэх ган татлагатай, нэг багц нь 36 утастай бөгөөд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн.
• Эрчим хүч: Тог тасарсан тохиолдолд нөөц генератор ажиллаж, зорчигчдыг 1 м/сек хурдтайгаар буудалд аюулгүй хүргэнэ.
Аюулгүй байдал:
• Бүх кабинд камер суурилуулж, замын хяналтын төвөөс шууд хяналт тавина.
• Ослын үед зорчигчдыг богино хугацаанд аюулгүй буулгах тусгай системтэй.
• Кабинууд халдаг бөгөөд тэргэнцэр, хүүхдийн тэрэг, дугуйтай иргэдэд зориулсан хүртээмжтэй байдлаар бүтээгдсэн.
• Байгалийн таагүй нөхцөлд салхи, цасны нөлөөг бууруулахуйц технологи ашигласан.
• Мэргэжлийн аврагчдын баг онцгой байдалд бэлэн байдалд ажиллана.