Чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Дэлхий нийтийн жишгээс үзэхэд цөмийн түлш ашиглан 1 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс ашиглахаас 68 дахин бага хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд 1 кг цөмийн түлш нь 100,000 кг буюу 2 воган нүүрсний хэрэглээтэй тэнцдэг байна.  Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа аж. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-аас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтыг тусгаж, улмаар  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуулыг эрчимжүүлж,  олборлолт, ашиглалтыг  олон улсын жишиг стандартад нийцүүлэн  хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой юм байна.