Газрын тосны рояалтийн 30 хувийг орон нутагт хуваарилдаг нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болох байсан ч хойшлуулжээ. УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч, гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн юм байна. Иймд ирэх сарын 30-ны 09.30 цагаас хийхээр товложээ.

Сануулбал, Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” хэмээн заасан. Мөн нөөц ашигласны төлбөрийг хуваарилахдаа газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх зохицуулалт Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5-т бий. Эдгээр нь Үндсэн хуулийн зарим заалтад нийцсэн, эсэхийг хэлэлцэх байв.