“Аль-Каида” бүлэглэлийн үүсгэн байгуулагч Осама бин Ладений хүү Терроризмын Угсаа залгамжлах хунтайж хочит Хамза бин Ладенийг 2019 онд Америкийн агаарын халдлагад өртөж, амиа алдсан гэж үзэж байсан бол түүнийг амьд сэрүүн байгаа, тэр бүү хэл эцгийнхээ хэт үзэлт бүлэглэлийг одоо тэргүүлж байгаа гэж барууны нууц албад мэдээлжээ. Британийн хэвлэлүүдэд бичсэнээр Хамза бин Ладен олон улсад тархсан “Аль-Каида”-гийн гишүүдийг нэгтгэж, хүчээ зузаатгаж байгаад барууны орнуудад хядлага үйлдэхээр төлөвлөж байгаа, эцгийнхээ өшөөг авахыг юу юунаас илүү хүсэж байгаа аж. Түүний үйл ажиллагааг “Талибан”-ы удирдагчид хэдийнээ мэдэж байгаагаар барахгүй гэр бүлийг нь хамгаалж байх ч магадлалтай гэнэ. Хамза бин Ладений дүү Абдуллаг мөн амьд, ахтайгаа адил Афганистанд өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй болсон; Америк, Европын нутагт халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа гэж зарим эх сурвалж мэдээлжээ.
Талибуудын мэдэлд байгаа Афганистаны нутаг дэвсгэрт өдгөө нийт 21 газарт алан хядагчдын сүлжээ бий болсон гэж барууны тусгай албад үздэг юм.