УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар УИХ-ын шинэ дэгийн тухай хуулиар буцаагдсан. Шинэ парламент бүрдсэнтэй холбоотойгоор гишүүдийнхээ хамтаар дахин өргөн барьж байна" гэдгийг тэрээр онцолсон юм.

Мөн тэрээр “Өнөөдөр 180 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 80 мянган аж ахуй нэгж нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч бий. Түүний 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл хүмүүс яагаад бага хувиар НӨАТ төлөгчөөр бүртгүүлж байна вэ гэвэл НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. НӨАТ-ийг таван хувь болгосноор 2024 он гэхэд НӨАТ-аас 6.5 их наяд төгрөг олсон. Энэ нь нийт татварын 24 хувийг бүрдүүлдэг.

Магадгүй өнгөрсөн жил НӨАТ-ыг таван хувь болгосон бол 3.8 их наяд төгрөгөөр багасах байсан. Багасна гэж хэлэх нь мөн өрөөсгөл. Татварыг багасгаснаар татварын бааз суурь нэмэгдэнэ.

НӨАТ таван хувь болсноор бусад бараа бүтээгдэхүүний орлогыг ил болгосноор Аж ахуй нэгж, Хүн амын орлогын татвар бусад эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Дээрээс нь татвараас шалтгаалж эдийн засаг тэлэх боломжийг бүрдүүлнэ” гэв.

Харин УИХ-ын гишүүн А.Ундраа “НӨАТ-ын татварын бууруулснаар эдийн засгийг илүү ил тод болгож, албан эдийн засгийг дэмжих ач холбогдолтой. Хамгийн гол нь татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа дарамтыг бууруулна. Төрийн дарамтыг бууруулснаар бизнес эрхлэх орчныг сайжруулна” гэлээ.