Монгол үндэсний өв соёлыг тээж яваа хүчит бөхчүүдийг гэргийнх нь хамт онцолдог “Монгол бахархал” булангийнхаа анхны зочноор Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн начин Б.Лхамдорж, гэргий Г.Анхзаяа нарыг урилаа.
-Наадам жилдээ нэг удаа зохион байгуулагддаг учраас бөхчүүдийн хувьд их хариуцлагатай. Танай гэр бүлийн хувьд наадмын үеэр юунд анхаардаг вэ?
Б.Лхамдорж: -Наадмын өглөө зорилгоо боддог. Сэтгэл зүй, бие, бэлтгэл сайн байвал тааламжтай. Бэртэлтэй байвал амаргүй. Бөх хүн байнгын бэлтгэл сургуулилттай учраас бэртэл авах талтай. Бэртгэлгүй, бэлтгэл жигдэрсэн үе хамгийн сайхан. Ямар ч бөхтэй таарсан өөрийн санасан бодсоноо хийгээд барилдахыг хичээдэг. Бэртгэлгүй бол өөртөө итгэлтэй байж чаддаг.
Г.Анхзаяа: -Наадам дөхсөн үе, наадмын дараа ярилцахыг хичээдэг. Бөхчүүдийн онцлог байж магадгүй. Наадам дөхөхөөр стресстэй, хүнтэй ярилцахыг хүсдэггүй. Эсвэл тухайн хүнээсээ хамаардаг байх.
-Бэртлийг тойроогүй тамирчин ховор. Ер нь бэртэл авсан үеийг хэрхэн давж гардаг вэ?
Г.Анхзаяа: -Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд оюутан байхдаа хань минь Дархан-Уул аймагт болсон УАШТ-д барилдахаар явсан. Би явсан өдрийнх нь шөнө баруун хөлөө цагаан даавуугаар ороосон байна гэж зүүдэлсэн. Өглөө нь сэрээд ханийнхаа ээжид дуулгасан л даа. Гэтэл орой нь “Би бэрчихлээ, түрүүлээд хот руу явж байна” гэж хэлсэн. Үүнээс хойш зүүдлэхээс айдаг болсон. Тэр үед анхны хүнд бэртлээ авсан. Энэ жил наадмын өмнө нуруугаа гэмтээсэн учраас тэвчээр шаардсан.
-Бөхийн эрдэм заасан багш нь хэн бэ. Амжилтуудаасаа дурьдвал?
Б.Лхамдорж: -“Аварга” дээд сургуульд Б.Адъяахүү багшийн удирдлага дор дөрвөн жил суралцаж төгссөн. 2015 онд сумын заан цол хүртсэн. Энэ үедээ дахин түрүүлж заан цолоо баталсан. Ингээд аймгийн цол руу зорьж 2017 онд төрөлх Гурванбулаг сумынхаа наадамд дахин түрүүлж, амжилтаа бататгасан. Энэ үед Баянхонгор аймгийн наадам долдугаар сарын 20-ны үеэр болж амжилттай барилдаж тав давж начин цол хүртсэн юм. Харин 2016 оноос хойш одоог хүртэл "Их богд" дэвжээндээ улсын харцага Д.Батболд багшынхаа удирдлага доор бэлтгэлээ хийж байна.
-Амжилт гаргахад нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?
Б.Лхамдорж: -Бидний ард аав, ээж, эхнэр гээд тусалж дэмждэг хүн олон бий. Тэднийхээ итгэл, сэтгэлээр урамшдаг. Тэр бүх хүнд баярлаж явдгаа илэрхийлье. Гэр бүлийн хүн маань сайн ойлгоно. Ар гэрийнхээ бүх ажлыг зохицуулж байна. Би зөвхөн бэлтгэлдээ анхаардаг. Ер нь хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хүмүүс бөхийн ар талыг даадаг.
“Би бөх хүний эхнэр хэвээрээ баймаар байна”
-Ханийнхаа барилдахыг харахад ямар мэдрэмж төрдөг вэ. Барилдаан бүрийг нь үздэг үү?
Г.Анхзаяа: -Аймгийн цол авсан наадмыг нь үзэж амжаагүй. Тухайн үед төрөөд удаагүй нялх биетэй байсан учраас хөдөө байж таарсан. Аймгийн начин болсныг нь бусдын ярианаас л сонссон. Сумын заан болоход нь бөх хүн бахархлын эзэн байдгийг ойлгож авсан. Тэр жилийн наадам сэтгэлд тод үлджээ. Учир нь манай сум сүүлийн хэдэн жил гадны бөхөд наадмын түрүүгээ алдсан юм билээ. Нутгийнх нь бөх түрүү авахад сумынхан их баярласан.
Барилдахыг нь хараад олон мэдрэмж авдаг. Баярлаж, айж, бахархаж, заримдаа ичих үетэй ч нүүр тулна. Унахад нь надад хэцүү байгаа юм чинь өөрт нь бүр амаргүй байх нь тодорхой учраас өвдөг шороодсон талаар нь ярьдаггүй. Өөр зүйл ярьж сэтгэл санааг нь өргөхийг хичээдэг.
Заримдаа шантарна. Нэг удаа “Би барилдахаа больдог юм уу” гэхэд нь “Би бөх хүний эхнэр хэвээрээ баймаар байна” гэж хэлсэн. Тухайн үед миний хийж чадах зүйл урам өгөх л байсан. Үүнээс хойш шантарсан үедээ надад юм хэлээгүй.
-Үндэсний өв соёлыг тээж яваа хүчтэн, тамирчин гэдгээрээ ямар үед бахархдаг вэ?
Б.Лхамдарж: -Монгол эр хүн үндэсний бөхөөрөө хичээллэх сайхан. Тогоонд нь ороод жаргалтай, зовлонтой үеийг туулдаг. Давж, унах ч ээлжилдэг. Бөхчүүд өвдөг шороодох үедээ хэцүү зам сонгож гэж боддоггүй байх. Тухайн барилдаанаасаа суралцаж, дараагийн амжилтдаа анхаардаг.
Хамт бэлтгэл хийдэг ах, дүү нар цол ахихад адилхан баярлана. Миний ч амжилт ойрхон гэж бодоход сайхан байдаг.
-Та гэр бүлдээ хэр цаг зарцуулдаг вэ?
Б.Лхамдорж: -Байнгын бэлтгэлтэй учраас амралтын өдөр ч гэр бүлдээ бага цаг зарцуулдаг. Зарим үед долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийнэ. Аль болох гэр бүлтэйгээ хамт байхыг хичээдэг. Манай хүн ойлгодог учраас ямар ч асуудал гардаггүй. Завтай үедээ сайхан дурсамж бүтээхийг илүүд үздэг.
-Учрал бүхэн нандин, давтагдашгүй. Танилцаж, гэр бүл болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
Г.Анхзаяа: -Бид нэг нутгийнх учраас багаасаа нэгнийгээ мэднэ. Тавдугаар ангиа төгссөн жил анхны захиагаа авсан. Тухайн үед захиаг нь уншаад ямар гоё бичдэг юм бэ гэж бодож билээ. Нэрээ бичилгүйгээр “Л-А”-д гэж бичсэн байсныг тод санаж байна. Хэн гэдгийг нь мэдэхгүй явсаар зургаадугаар ангидаа танилцсан. Үүнээс хойш олон жил үерхэж явсаар гэр бүл болсон.
-Бөхчүүдийн сэтгэлд үргэлж бодогддог зүйл нь юу юм бол?
Б.Лхамдорж: -Аварга, арслангуудыг харах сайхан. Хүн бүрд хувь заяаны шанага бий. Аймгийн наадамд түрүүлж арслан болохыг хүсдэг. Цол бүхэн сайхан. Үүнийг бөхчүүд ч хэлдэг. Монгол бөх сайхан энергитэй. Хөдөлмөрөөрөө хүрсэн сайхан цолондоо эзэн байж, амжилтаа ахиулах чухал.
-Та хэр цэвэрч, нямбай хүн бэ?
Б.Лхамдорж: -“Аварга” дээд сургуульд элсэхэд Б.Адъяахүү багш маань зодог, шуудгаа хэрхэн арчлах талаар зөвлөсөн. Биднийг цэвэрч, нямбай байхыг захидаг. Олон оюутан бэлтгэл хийнэ. Зодог, шуудгаа угааж арчилна, хөлс үнэртүүлээд явах учиргүй. Нэг удаа бэлтгэл хийгээд л зодог, шуудгаа угаах жишээтэй. Одоогоор би цэнхэр өнгөтэй, 17 ширээстэй зодог, улаан шуудаг өмсөж байна. МҮБХ зодог, шуудгийн стандарт хэмжээг баталсан байдаг. Үүнийг нь дагаж мөрддөг.
-Бүх цаг үед өмсөж байсан зодог, шуудгаа хадгалдаг уу?
Б.Лхамдорж: -Бүгдийг нь хадгалдаг. Анхны зодог, шуудгийг ээж маань надад оёж өгсөн. Тухайн үед худалдаалдаг байсан материалаар гурван ширээсээр хийсэн байдаг. Гурванбулаг хайрхныхаа чулууг дотор нь боож хадгалдаг.