Хятадын Жөжян мужийн шүүх ажилтнаа нэг ч өдөр амраалгүй 104 өдөр тасралтгүй ажиллуулсан компанийн удирдлагад хариуцлага тооцож, залуу ажилтны гэнэтийн үхлийн шалтгааны 20 хувьд нь гэм буруутай хэмээн үзэж, 400 мянган юанийн мөнгөн торгууль ногдуулжээ. Абао хэмээх залуу зураач эр тус компанид хэт ачаалалтай ажилласнаасаа болоод эхний бөгөөд эцсийн удаа ганц өдрийн амралт аваад удаагүй байхдаа өнгөрсөн оны зургадугаар сард зүрх нь гэнэт зогссон гэсэн оноштойгоор нас барсан байна. Энэ явдал Хятадад ихээхэн дуулиан дэгдээж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар элдэв мэтгэлцээн өрнөхөд хүргэсэн юм.
Харин залуу зураачийн үхлийн шалтгааныг эхлээд ажилтай нь холбоогүй гэж үзсэн албаныхан гэр бүлийнхнийх нь хүсэлтээр ахин хэрэг нээснээр ийнхүү дээрх компанийн удирдлага шүүхийн хаалга татжээ. Компанийн удирдлага талийгаачийг амралтын өдрүүдээр сайн дураараа ирж ажилладаг байсан, өөрсдийгөө гэм буруугүй гэсэн байна.