“Монголын боловсролын хөгжлийн философи” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Монголын философийн салбарын эрдэмтэн мэргэд болоод гаднын нэр бүхий философичид чуулжээ. Философид баримжаалж боловсрол хөгждөг гэдэг. Энэ ч утгаараа өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд Монголын боловсролын философийг тодорхойлох үнэ цэнтэй илтгэлүүд тавигдсан юм. Илтгэлүүдээс профессор А.Цанжидын “Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны өв ба өнөө үе” сэдэвт илтгэл сонирхол татлаа. Тэрээр Монголчууд боловсролын философидоо уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны их өвөө өнөөгийн боловсролын дэлхийн жишигтэй тун ухаалгаар сүлэх ёстойг сануулсан юм. Мөн түүний илтгэлээс монголчуудын үр хойчсоо сурган хүмүүжүүлэх ухааны өв үүц дүүрэн болохыг харж болохоор байлаа. Бидний мэддэг мэт боловч хэрэгжүүлж цөхдөггүй тэр арга ухаан өв тэгш монгол хүнийг бүтээх арга мэхтэй аж ээ. Ингээд түүний илтгэлээс онцлон хүргэе.

Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон цагаас нь эхлэн хүмүүжүүлдэг байна. Цаашлаад бага балчир гэлтгүй аливааг ухуулан таниулж, хүний өөрийн гэж ялгалгүй бурууд хурц, зөвд зөөлөн байхыг эрхэмлэдэг байжээ. Энэ талаар профессор А.Цанжид илтгэлдээ

“То Гүнгийн “Гурван үсэгт ном”-д
Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана
Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана
Явж чадмагц дөрвөн зүг, дээд доодыг ухуулна
Мэхэс хийж чадмагц ёслол, найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана” гэсэн байдаг.

Монголчууд хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ олон янзын арга хэрэглэдэг байсан. Аман сургаал айлдах, ажил үйл гүйцэлдүүлэх, ардын урлагийн төрөл зүйлүүдийг ашиглах, тоглоом тоглуулах гэх мэт. Мөн хүүхдийн хүмүүжилд орчин нөлөөтэйг ухаарч уг ажилд гэр бүл төдийгүй айл саахалт, нутаг усныхан оролцож, сургах заах, үлгэр үзүүлэх гэх мэт олон аргыг хэрэглэдэг байсан.

Тухайлбал, ахмад хүн буруу үйл үйлдэж байгаа хүүхдийг сургах нь өөрийн үүрэг гэж үзэх, хүний өөрийн гэж ялгахгүй, зөв, шударгаар зэмлэж, зөвлөж, заана, өөрийн хүүхдийг өмөөрөхгүй байхыг чухалчилдаг. Үүний ач холбогдол нь нутаг усны нэр төрийг хамгаалах, сайн хүргэн сайн бэртэй болох, тус дэмийг авахад байдаг.

Хүүхдийг хөдөлмөрөөр сургахыг онцгой ач холбогдолтой гэж үздэг байсан. Хүүхэд “аяга даадаг” болсон үеэсээ хөдөлмөр хийх ёстой. Монгол хүүхэд нэгээс гурван насандаа ээждээ аргал хомоол, аяга шаазан дөхүүлж өгөх. Дөрвөөс таван насандаа хургачин, таваас зургаан насандаа тугалчин, зургаагаас найман насандаа ботгочин, 8-16 насандаа хоньчин, 17 ба түүнээс дээш насандаа адуучин байдаг.

Мөн биеэр үлгэрлэх, үл эрхлүүлэх, урамшуулах, арван хуруу тэгш байх зарчим барьдаг байсан. 10 хуруу тэгшийн зарчмын тухайд хүүхдийг “номд мэргэн, нойрт сэргэг, далайд усч, дайнд баатар” гэх юм уу “үйлэнд уран, үгэнд цэцэн” гэх мэтээр ерөөдөг. “Эр хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай байх”, эмэгтэй хүн хэрвээ шаардлага гарвал “гэрт орж эм, гадаа гарч эр” болж чаддаг байх гэх мэтээр илэрдэг байж болох юм. Түүнчлэн монголчууд Хүннүгийн үеэс эхлэн хүүхдээ багш шавийн барилдлагаар сургаж байсныг онцлох нь зүйтэй” гэлээ.  

Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны дээрх аргууд нь хүүхдэд хэд хэдэн чадамжийг бий болгодог аж. Тухайлбал, ажилсаг байх дадал, хөдөлмөр эрхлэх чадавх, ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэх, бэлгэдэлт сэтгэлгээг төлөвшүүлэх, байгаль орчинтой зүй зохистой харьцдаг болгох, эрүүл мэндээ болон бусдыг асарч халамжлах чадамжийг суулгадаг байна. Тэгвэл орчин үеийн Монголын боловсролын философийг хөгжүүлэхэд дээрх уламжлалыг ашиглах бүрэн боломжтой аж.

Мөн тэрээр илтгэлдээ “Дэлхий дахинд боловсролын салбарт нэгдүгээрт, Даяаршлын үе дэх боловсролын үндэсний үзэл суртал, хоёрдугаарт, Даяаршлын үе дэх дэлхий дахиныг хамарсан чөлөөт зах зээлд ажиллах хүчнийг бэлтгэх, гуравдугаарт, ёс суртахууны даяаршил гэсэн гурван үзэл суртал зонхилж байгаа. Бид боловсролын салбарт ямар үзэл суртал байна вэ гэдгийг мэдэж байж авч хэрэглэх, даган дуурайхдаа авах гээхийн ухаанаар хандаж, ухамсартай хандах учиртай. Жишээ нь, дэлхийн иргэн бэлдэх гэдэг дээр манайхан буруу ойлголттой яваад байх шиг харагддаг.

Эцэст нь хэлэхэд манай ардын өв уламжлал, социализмын үеийн өв уламжлал, дэлхий дахинд гарч ирж байгаа прадигм, дээрээс нь олон улсын байгууллагууд зориуд явуулаад байгаа үзэл суртлуудыг бид өөр хооронд нь бодолцох ёстой. Монголынхоо нөхцөлийг харгалзаж боловсролын философийг боловсруулах хэрэгтэй.

Энэ талаар БНХАУ-ын жишээг авч үзье л дээ. БНХАУ Күнзийн философид суурилсан уламжлалт өв, Зөвлөлт маягийн боловсролын туршлага сургамж, орчин үеийн дэлхий дахины боловсролын чиг хандлага дээр шинэ прадигмийг харгалзаж үзсэн. Үүний үндсэн дээр орчин үеийн Хятадын боловсролын философийг боловсруулсан. Үр дүнд нь боловсролын салбартаа ихээхэн амжилт олсон. Тиймээс бид энэ туршлагыг анхааран үзэх нь зүйтэй юм” гэв.