Малайзын цагдаа нар улсын хэмжээнд шалгалт явуулсны дүнд 20 асрамжийн газраас элдэв хүчирхийлэлд өртсөн гэх 1-17 насны нийт 402 хүүхдийг аварсан байна. Хүүхдүүдийн дийлэнх нь багш, сурган хүмүүжүүлэгч болон үе тэнгийнхэндээ зодуулж, дээрэлхүүлэхээс гадна халамж анхааралгүй хаягдаж, хоол ундгүй байсан гэсэн бол зарим нь бүр бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө мэдүүлжээ. Цагдаа нар 17 насны нийт 171 хүнийг сэжигтнээр баривчлаад байгаагийн дотор шашны номлогч, олны танил багш нар ч байгаа аж.
Малайзад асрамжийн газрууд ихэнхдээ исламын байгууллагуудтай холбоотой байдаг бөгөөд уг дуулиантай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ тэдгээр байгууллага өөрсдийгөө ямар ч гэм буруугүй гэсэн байна. Тэр бүү хэл хүүхдүүдэд хатуу хандаж, заримынх нь эрхийг ноцтойгоор зөрчсөнөө шашин номынх нь хүмүүжлийн салшгүй нэг хэсэг гэжээ. Цагдаа нарын хамгаалалтандаа авсан хүүхдүүдийн зарим нь багш нарынхаа дарамт шахалтад орж, бусдадаа хүчээр бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж мэдүүлсэн нь малайзчуудыг цочирдуулаад байна.