Б.Цэцэгдэлгэр

Уран хүн бурхан ухаантай гэж үг бий. Ангиа 13-14 настайдаа дээл хувцас хийж сурсан гэж ярьдаг байлаа. Эцэг эхээс 10-уулаа хоёр ахтай, 7 дүүтэй эгчийн хувьд аав ээжээс дутахгүй  хайр халамж, өмөг түшиг, чиглүүлэгч нь байж ирсэн. Тийм л энгүй эгч байсан тухай дүү нар нь үргэлж дурсан ярьдаг юм. Өөрийн биеэс дөрвөн сайхан хүүхэд төрүүлж, эрүүл саруул, элэг бүтэн, энэрэл хайраар дүүрэн өсгөж, өдгөө 20 шахам халуун ам бүл болцгоож, хүргэн бэрээрээ хүрээлүүлсээр, үр хүүхдийнхээ амь их хайран дунд нь амьдарч байгаад бурхан зүг дэвшлээ.

Дээх нь үеийн хөдөөний айлуудын хананд, хувцасны шкафны нүүр хэсэгт уран гоё хатгамал, зүү ороож байгаа монгол дээл, тоорцогтой, өтгөн хар гэзгийг гурав даран сүлжиж, сувдан даруулга зүүгээд тахим дагуулж унжуулсан, монгол гуталтай эмэгтэйн хөрөг зураг байв даа. Би хүүхэд байхдаа Өжүүгийндээ /Өлзийхутаг хүргэн ах/ очих бүрдээ тэр зургийг Ангиагаа гэж боддог байсан. Ангиа бол миний авга эгч юм. Миний мэдэх тэднийд очих тоолонд дээл, хатгамал оёод сууж байна. Сүү ихтэй, тарган цагаан хүүхдүүдтэй, өтгөн урт хар үстэй, монхор том хамартай, өндөр шанаа, сайхан шүдтэй, нуруулаг, нэг тийм тайван төлөв төвшин эмэгтэй.

Гэрийнх нь хойморт даавууны өөдөс, үртэс, хоргой эмжээр, үйлийн хайч, оёдлын машин, зүү утасны хайрцаг, жанхуу, хуруувч цөм байна. Нэгдэл нийгмийн хонь хариулж, баруун солгойгүй сүү сааль гэж байх үедээ ч хань ижил, үр хүүхэд, ахан дүүстээ дээлийг ёстой урлаж явсан буянтан. Хоргой торго, дурдангийн чанар танина гэж аатай. Би их сургуулиа төгсөх хавар хонхны баярын дээл яригдаж эхлэхэд Ангиадаа хэллээ. “Би удахгүй хот орно. Хоёулаа зах ороод торго сонгоё. Тэгээд би хөдөө авчирч оёж өгнө дүүдээ” гээд надаас ч илүү баярлаж байна. Учир нь би аавынхаа талаас анхны оюутан болж байсан санаатай. Чанартай торго авах хэрэгтэй гээд захаар бид хоёр нэлээдгүй явлаа. Шүдэнз асааж торгоны сэмэрсэн хэсгээс асааж хүртэл үзэж байна. Би сүүлдээ ичих шинжтэй, хурдан аваад явья л гэлээ. Ингээд дээлийн торгоо авч, хэд хоногийн дараа жимбийтэл эвхэж боосон дээл маань хөдөөнөөс ирсэн.

Анх оюутан болоход Өжүүгийнх маань хотод байж, би тэднийд сууж таарсан. Өөрийнх нь том охин Ө.Амарсайхан, аавын дүүгийн охин А.Энхсүрэн бид 3 оюутан. Гурван оюутан амаргүй шүү дээ. Өмсөж зүүх, хэрэглээний мөнгө бүгдийг Ангиа минь болгоно. Ер нь болохгүй юм гэж байхгүй, болгоно гээд л зүтгэдэг хүн байлаа. Сүүлд би оюутны байранд сууж, амралтын өдөр очиход гэрийн сайхан хоол цайгаар дайлж, гурил будаа, гоймон аваад яв л гэнэ.

Гэрт гэлтгүй гадаа ч аргал түлээ, мах шөл үүрч дүүрээд л явна. Хүний гар харж хойш сууна гэж байхгүй. Сэтгэлийн хийгээд биеийн их ч тэнхээтэй хүн байсан.  Арай л их махруу зүтгэсэн нь өөрийгөө хайрлахаа мартсанаас болж хүнд өвчинд дийлдлээ дээ гэж одоо бодож сууна. Баргийн бэрхшээлийг тоодоггүй, нэг тийм нялуураад байхгүй ч ахан дүүсээ бүгдийг гэж алс харж чаддаг том эгч байлаа. Сүсэг бишрэл ихтэй, буян номд ч тустай хүн байсан. Багш ламтаных нь хийд шинээр үүд хаалгаа өргөн олондоо нээх болж, хийдийн хойморь дахь том бурхдын өмнүүр тавих хатгамалтай бүтээлэг урлах ажил эхлэв ээ. Найман тахил, өлзий хээ гээд хэдэн метр ч билээ дээ. Бид хэдийг оёод бай л гэнэ. Тал талаас нь хамжилцаад хэдэн өдөр шөнө оёж, ямартай ч цаг хугацаандаа амжсан юм. Бид хийдийн нээлтэд очиж, эгч минь их л баяртайгаар “Тэрийг хар даа. Бидний оёсон бүтээл” гээд том хамар нь бага зэрэг сартайчихсан, инээмсэглээд л сэтгэл дүүрэн залбираад сууж билээ.

Сүүлд хүнд өвчнөөр хагалгаанд ороод хотод хэсэг байх зууртаа сайн тэнхрээгүй байх үед айлд оччихсон хурган дээл хийлцэж байгаа сураг сонсоод “Одоо больж болдоггүй юм байх даа” гэж охинд нь л харамлангуй хэлж байлаа.

Өөрийн охин Ө.Амарсайхан нь одоо өөрийнх нь уран үйлийг үргэлжлүүлээд урлаж байна. Айлд нэг эмч байх хэрэгтэй гэж ярьдаг байсан хүсэл нь биелж бага охин Ө.Уранчимэг нь өөрийг нь хэдэн жил сайхан асарч, тойллоо. Том хүү Ө.Цогтсайхан, Ө.Хашбат нар нь хөдөөнөө мал сүргээж өсгөж, нутаг хошуундаа сайхан амьдарч байна. “Манай Амараа тун дажгүй оёж байгаа шүү. Шөнө оройгүй оёод хараагүй болох вий л гэж санаа зовох юм гэж” ээж хүний сэтгэл чилээж бас магтангуй урамтай байгаа нь илт хэлж байсан нь саяхан.

Биднийг сайн сайхан зүйл эдэлж хэрэглэж бай гэж их захина. “Олны дунд байгаа хүн ганган гоё бай гэнэ. Манайхан бол тэр үгийг нь бүгд сонссон доо. Эр, эмгүй том жижиггүй захиж хэлнэ. Өөрөө өргөн хөлтэй ч зун цагт ботинк, сандал өмсөнө гутал хувцсаа сайхан тосолж, тордож өмс гээд л бид хэдийг хямгадна. Сүүлд охин Ө.Уранчимэг нь гурван хүү төрүүлж, Дархан бэр болох сургаар надад “Манай энэ охин ер гоёхгүй юм. Би нэг ноолууран цамц авч өгмөөр байна. Хаанаас гоё цамц авах уу” гээд асууж байсан. Би бүр Ангиатай уулзахдаа гоёж очих ёстой юм шиг санагддаг болсон нь цаагуураа эмэгтэй хүн ганган дэгжин байх ёстойг сургасан хэрэг.

Эгчийн минь урласан үстэй, хурган, хөвөнтэй дээлнүүд,  цамц, даалин үр хүүхэд, ахан дүүст нь үлдэж, олон жил Таныгаа дурсан санаж, үг сургаалийг нь аж амьдралдаа тунгаан бодож сайн сайхан аж төрөх биз ээ. Уран хүн бурхан ухаантай гэж Та минь мөнх хөх тэнгэр, хөрст алтан дэлхийдээ амгалан нойрсож, гэгээрлийн замд саадгүй хүрч сайн төрлийг олоод үр хүүхэд, төрөл төрөгсдөдөө эргэж төрөх болтугай. Ум сайн амгалан болтугай.