Перугийн Ерөнхийлөгчөөр 1990-2000 оны хооронд бүтэн 10 жил ажилласан Альберто Фүжимори 86 насандаа таалал төгсчээ. Засаглалынхаа сүүлийн жилүүдэд хээл хахууль, хүний эрхийн зөрчил, бүр хоморголон устгасан гэх гэмт хэрэгт нэр холбогдож, хүчинд автан засгийн эрхээс буусан түүнийг дэмжигчид нь харин төрийн эрх булаах гэж оролдсон зэвсэгт босогчдыг дарсан гавьяатай гэж үздэг юм. Эцэг эх нь Японоос цагаачлан Перуд суурьшсан, япон гаралтай тул Фүжимори хариуцлага хүлээхгүйн тулд эхлээд Япон руу зугтсан ч удалгүй Чилийн нутгаас баригдаж, Перуд эргэн ирж, шүүхээр яллагдан, 25 жилийн ял сонссон байдаг. Харин Перу улсын Үндсэн хуулийн цэцээс түүнд өршөөл үзүүлж, 15 жилийн ялаа биеэр эдэлснийх нь дараа эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн арванхоёрдугаар сард сулласан байна.

Хүний эрхийн тэмцэгчид Фүжиморигийн засаглалын жилүүдэд нийт 69 мянган хүн дарангуй бодлогын хар гайгаар амиа алдсан гэж үздэг бол улс орныг нь Фүжимори л улаантнуудаас аварсан, охин Кейког нь Ерөнхийлөгч болохыг дэмжинэ гэсэн бодолтой перучууд өнөө ч олон байна. Перугийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн Кейко Фүжимори 2026 оны сонгуульд ахин нэр дэвшихээ зарлаад байгаа юм.