Засгийн газар агентлагийнхаа тоог нэгээр нэмж Төмөр замын газар байгуулах нь. Үүний талаарх төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт парламент хэлэлцэж эхэлж байгаа юм. Өнөөдөр гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эл төслийг хэлэлцэн дэмжив. Ингэснээр гүйцэтгэх засаглалын хэмжээнд нийт 40 агентлаг ажиллах юм байна.

УИХ өнгөрсөн оны долдугаар сард Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ оны эхнээс мөрдөж буйтай холбоотойгоор ийм агентлагтай болж байгаа гэнэ. Ингэхдээ “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын чиг үүрэг Төмөр замын газарт шилжих тул тус төвийг татан буулгаж, 25 орон тоог нь шилжүүлэх юм байна. Мөн Зам, тээврийн яамнаас 13 орон тоог тус агентлагт шилжүүлэн, энэ онд нийт 38 албан хаагчтай ажиллуулахаар төлөвлөжээ.

Улмаар уг байгууллагад улсын байцаагч нар ажиллаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хяналт, шалгалт хэрэгжүүлэх юм байна. Харин улсын байцаагчийн эрхийг Зам, тээврийн сайд олгох аж.

Төмөр замын газрын энэ оны нийт төсөв нь 1.9 тэрбум төгрөг байх нь.

Мөн энэ оны өмнөхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ургамал хамгааллыг газрыг шинээр ажиллуулахаар болсон. Уг агентлаг нь нэгдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаа явуулж буй агаад 2025 оны төсөв нь 500 сая төгрөг.

10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

10.1.Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.

10.2.Төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.2.1.төмөр замын тээврийн хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт боловсруулах, сурталчлах;

10.2.2.төмөр замын техник, технологитой холбоотой журам, аргачлал, горим, заавар, техникийн даалгавар, жагсаалт, загвар батлах;

10.2.3.төмөр замын суурь бүтэц хооронд дамжуулах ачааны төрөл, хэмжээг тогтоох, хяналт тавих;

10.2.4.галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон нэгдсэн технологийн горим батлах, суурь бүтэц хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах;

10.2.5.төмөр замын суурь бүтцийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвийг нэгдсэн удирдлагаар хангах;

10.2.6.суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч хооронд болон суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хооронд байгуулсан гэрээг шаардлагатай тохиолдолд хянаж, санал, дүгнэлт гаргаж хэрэгжилтийг хангуулах;

10.2.7.төмөр замын тээврийн тарифыг хянах, санал, дүгнэлт гаргах;

10.2.8.төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон дүрэм, журам, норм, стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийг хангуулах;

10.2.9.төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх, мэргэшлийн зэрэг, хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох;

10.2.10.төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацыг нэвтрүүлэх төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

10.2.11.төмөр замын суурь бүтэц, салбар зам, барилга байгууламжийг барих, өргөтгөх ажилд хяналт тавих;

10.2.12.хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах талаар дүгнэлт гаргах, бүртгэх, дугаар, гэрчилгээ олгох;

10.2.13.төмөр замын суурь бүтэц, салбар замын хувийн хэрэг хөтлөх;

10.2.14.төмөр замын тээврийн статистик, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагад мэдээлэх;

10.2.15.төмөр замын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж хүн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох;

10.2.16.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, гэрчилгээ олгохтой холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах.

10.3.Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь энэ хуулийн 10.2.8-д заасан хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

10.4.Энэ хуулийн 10.3-т заасан байцаагчийн эрхийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

Төмөр замын тээврийн тухай хуулиас