Японы шинэхэн Ерөнхий сайд Шигэрү Ишиба парламентад Засгийн газрын бодлогоо танилцуулах анхны илтгэлдээ “Өнөөдрийн Украин бол маргаашийн Зүүн Ази” гэх үгийг цохон тэмдэглэжээ. Одоогийн Ойрх Дорнодын хурцадмал байдал, олон улсын харилцааны таагүй уур амьсгал, Японы хүн ам зогсолтгүй буурч байгаа явдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, Зүүн Азийн орнуудыг тогтворгүй ирээдүй хүлээж байна хэмээн тэрээр анхааруулсан байна.
Ишиба өмнө нь Японы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бөгөөд өмнөх Ерөнхий сайдуудаа бодвол харьцангуй цэрэгжих бодлогыг дэмждэг улстөрч юм. Тэрээр энэ долоо хоногийн эхээр Хятадын хүч нөлөөг тэнцвэржүүлж, Америктай илүү түншлэхийн тулд Азийн орнууд хамтарч, НАТО-той төстэй Азийн цэргийн эвсэл байгуулахыг санал болгосон юм. Ишиба илэрхий Хятадын эсрэг үзэлтэн биш ч Бээжингийн эрх баригчдын Тайванийг бүрэн эрхэндээ оруулах гэсэн бодлого бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал аюул саналхийлж байна гэж сануулсаар иржээ.