Өчигдөр өглөө орон нутгийн цагаар 09.00 цагийн үед Төвөдийн уулархаг бүс нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, хамгийн багаар тооцоход 126 хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн бэртэж гэмтжээ. Төвөдийн ариун хот гэгддэг Шигатсе хотын ойр орчим газар хөдлөлтийн голомт байсан бөгөөд чичиргээн нь хөрш зэргэлдээ Балба, Энэтхэгийн нутагт мөн мэдрэгдсэн байна. Хятадын албаныхны мэдээлснээр газар хөдлөлтөд 1000 гаруй барилга байшин сүйдэж, хотын ойр орчимд гэрэл цахилгаан, ундны усгүй болжээ. Энэ нь сүүлийн хэдэн жилд Хятадад болж байгаагүй хамгийн хүчтэй газар хөдлөлт гэгдэж байна. Тус бүс нутагт сүүлд 2015 онд хүчтэй газар хөдлөлт болж, Балбын нутагт 9000 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Нийт 800 мянга гаруй оршин суугчтай Шигатсе хот нь Далай ламын дараа орох, Төвөдийн буддын шашны хоёр дахь гол удирдагч гэгддэг Банчин Богдын уламжлалт орд өргөө байдаг газар юм.