Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Сангийн сайд Б.Жавхлан нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Төмөр замын ачаа тээврийг сайжруулах төсөл” болон “Чингис хаан” үндэсний музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Огцом эргэлттэй төмөр замын зам төмөр

“Төмөр замын ачаа тээврийг сайжруулах төсөл”-ийг нэг тэрбум 560 сая иенээр хэрэгжүүлэх бөгөөд Замын-Үүдийн шилжүүлэн ачих хоёр дугаар байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ачаа зөөх тавцанг нэмэлтээр барих болон контейнер өргөгч зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх аж. Мөн Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн төмөр замын огцом эргэлтэт хэсгүүдийн зам төмөр болон төмөр замын дэрний бэхэлгээ зэргийг нийлүүлэх бөгөөд үүний үр дүнд шилжүүлэн ачих хүчин чадал нэмэгдэж, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдал сайжрах юм байна. Энэхүү төслийг манай улсаас Зам, тээврийн яам хариуцна.

Одоогийн Замын-Үүдийн шилжүүлэн ачих хоёр дугаар байгууламж

Харин “Чингис хаан” үндэсний музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг 97.5 сая иений соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бөгөөд уг төслөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдэд зориулан музейн үзүүлэнгийн талаарх мэдлэг олгох болон музейн хэрэглээг сайжруулах тоног төхөөрөмжийг олгох юм байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж headpointer, цахилгаан тэргэнцэр болон брайль хэвлэгч машин, зайн сургалтад зориулж 360 градус эргэдэг камерын багц, 3D камерын багц, VR төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж багтах гэнэ. Уг төслийг ЖАЙКА байгууллага хэрэгжүүлэх бөгөөд манайхаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хариуцна.