Ахмадууд өнөөдөр Төрийн ордонд чууллаа. Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувийг эзэлж байсан бол 2030 онд 11.9 хувь болж өсөх тооцооллыг статистикаас гаргажээ.
Төрөөс ахмадуудын руу чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж буйн дотор тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Мөн тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон.
Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй, түүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулдаг.
Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгодог. Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, өрийн дарамтад орж, ядууралд өртөхөд ихээхэн нөлөө үзүүлж байна гэдгийг ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан дурдаад “Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг багасгах, өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэх талаар Монгол банканд хандсан. Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцооны нэг хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тэтгэвэр авагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ” гэдгийг хэллээ.
Энэ оны эхнээс Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлж эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна. Цаашдаа ахмад настанд гэр бүлийн цогц төвөөр дамжуулан, тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжихээр болсныг танилцууллаа.
Түүнчлэн ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, бүрийн хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулах зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэхээр болжээ.