Хүүхдийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах "Сургалтын ухаалаг багц" санаачлагыг НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна. "Сургалтын ухаалаг багц" санаачлага алслагдсан аймаг, сумдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээсээ мэргэжлийн багшийн сургалт авах боломжийг олгодог юм. Санаачлагын гол зорилго нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ үлдсэн бяцхан үрсийг хөгжүүлэх.
Өнөөдөр алслагдсан хөдөө нутагт 2-5 насны гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.
Учир нь алслагдсан сум, багт амьдардаг хүмүүс хүүхдээ цэцэрлэгт хамруулъя гэхэд хэн нэгэн нь цэцэрлэгт зөөх шаардлага тулгардаг. Энэ мэт шалтгаанаас үүдэн эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд орох хүртэл нь дэргэдээ байлгахыг илүүд үздэг. Хэвийн үзэгдэл мэт болсон энэ байдал нь хүүхдийн хөгжилд тун халтай.
Учир нь 5 хүртэлх нас хүний хөгжлийн хамгийн чухал үе. Энэ хугацаанд хүүхдийн тархи хамгийн хурдацтай хөгжин хэлбэрждэг. Мөн 5 настай хүүхдийн тархи хэлбэр, бүтцийн хувьд насанд хүрэгчдийн тархины хөгжлийн 90 хувьд хүрдэг.
Энэ ч утгаараа таны хүүхдийн хэн байх, ямар мэдлэг ур чадвартай, зан үйлтэй, нийгмийн байр суурьтай байхын 85 хувь нь 5 хүртэлх насанд хөгжин төлөвшдөг.
Хүүхдийн энэ л онцгой үед сургуулийн өмнөх насны боловсрол олгох нь юу юунаас илүү чухал. Тэгвэл энэ асуудлыг НҮБ-ын Хүүхдийн Сан соргогоор харж "Сургалтын ухаалаг багц" санаачлагыг хэрэгжүүлж буй.
2023 оноос эхэлсэн "Сургалтын ухаалаг багц" хөтөлбөрт алслагдсан 266 багийн 5400 гаруй хүүхэд хамрагдаад байна.
Явуулын багш "Сургалтын ухаалаг багц"-д байх таблетныхаа тусламжтайгаар хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг цаг алдалгүй олгодог. Гэртээ уйдаж, ганцаардсан хүүхдүүд багшийгаа ирж сонирхолтой хичээлээ заахыг тэсэн хүлээдэг. Үр дүнтэй энэхүү хөтөлбөрийн цар хүрээг улам нэмэх шаардлага бий. Хүүхэд бүрд хөгжих боломжийг олгох "Сургалтын ухаалаг багц" хэдий олон байна төдий чинээ хүүхдүүд ижил тэгш хөгжиж, сурах хүслээр жигүүрлэх нь дамжиггүй. Тиймээс Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн Сан, “IWFCI Mongolia” хамтран "Сургалтын ухаалаг багц" хөтөлбөрийг улам өргөжүүлэх зорилготой гала арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Хамтрагчид, түншүүдийнхээ оролцоотой зохион байгуулах уг хүндэтгэлийн арга хэмжээнд цугласан орлогоор 600 ам.долларын үнэ бүхий 330 ширхэг "Сургалтын ухаалаг багц" авах хандив цуглуулах юм.
Сургуулийн өмнөх байгууллагын хөрөнгө оруулалтын эргэх ашиг хамгийн (1:19 ам доллар) өндөр байдаг.
Бага насны чанартай боловсрол нь хүүхдийг амжилттай суралцан боловсрол эзэмших, илүү их орлоготой байх, түүнийхээ хэрээр өндөр татвар төлөх, хариуцлагатай иргэн болж төлөвших, чанартай амьдрах үндэс болдог. Тиймээс таны өнөөдрийн хүүхдийн төлөө оруулсан хувь нэмэр алс хэтдээ улс орны хөгжилд бодит хөрөнгө оруулалт болж очно.
Өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглах, өөрийгөө болон хүрээлэн буй орчноо танин мэдэж, улмаар зан үйлээ удирдан чиглүүлдэг, бусадтай харилцах, хамтрах, тулгамдсан асуудлыг бие даан болон хамтран шийдвэрлэх, мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг суралцахуйдаа ашиглах чадвартай монгол хүнийг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо юу юунаас илүү чухал билээ. "Сургалтын ухаалаг багц" хөтөлбөр улам өргөжиж, буйдхан газрын бяцхан үрс эрдмээр цэнэглэгдэх цаг удахгүй биз ээ.